
Монгол Улсын 34, 41 настай, эрэгтэй, эмэгтэй хоёр иргэн Цим Ша Цуй дүүрэг дэх дэлгүүрээс хулгай хийж байгаад газар дээрээ баригдсан тухай ejinsight.com цахим хуудсанд мэдээлэв. Тухайн үед тэд 18 ширхэг хувцас хулгайлсан байсан нь 5000 хонконг доллароор үнэлэгдэх гэнэ. Үүний дараа тэдний буудлын өрөөнд үзлэг хийхэд цагдаа нар 300.000 хонконг доллароор үнэлэгдэх 500 эд зүйл илрүүлжээ.
Хулгай хийж баривчлагдах үедээ тэдэнтэй цуг Монголын өөр иргэн байсныг нь байцаалтын явцад тогтоосон аж. Тэдгээр гурван иргэн баригдахаасаа дөрөв хоногийн өмнө Хонконгод очсон байсан бөгөөд хэд хэдэн дэлгүүрээс хулгай хийснээ хүлээсэн байна.
Тэд хулгайлсан эд зүйлсээ Хятад руу аваачиж зарахаар төлөвлөж байсан бололтой хэмээн дээрх цахим хуудсанд бичжээ. Мөн хулгайн бүлэгт багаар бодоход 20 хүн багтаж болзошгүй гэсэн байв.