
Цагдаагийн ерөнхий газраас ойрын үед гарч болзошгүй гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө. Жил бүрийн эхний гурван сард эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал хүндэрдэг аж. Учир нь Цагаан сар, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр зэрэг томоохон арга хэмжээ тохиодог. Үүнийг дагаад хулгай, дээрэм, булаалт, залилангийн хэрэг нэмэгддэг аж.
2012-2016 оны эхний гурван сард
35.624 гэмт хэрэг үйлдэгджээ. Үүний 11.322 нь хулгайлах,
308 нь эд зүйл булаах,
1357 нь дээрэмдэх,
2282 нь залилан байсан аж.
Хулгайн гэмт хэрэг үйлдсэн хоёр хүн тутмын нэг нь эрхэлсэн ажилгүй, 11 хүн тутмын нэг нь урьд өмнө шүүхээр ял шийтгүүлсэн байдаг гэнэ. Энэ нь хулгайч нарын гэмт хэрэг үйлдэх арга, хэлбэр нь улам нарийсаж, “мэргэшиж” байгааг харуулж буй юм.
Тиймээс өнөө жил цагдаагийн байгууллагын албан хаагчид эдгээр хэргийг гарахаас нь урьтаж, сэргийлэх арга хэмжээ авахаар болж. Тухайлбал, Сар шинийн баярын өдрүүдэд орон нутгийн замд хөдөлгөөнт камер байрлуулж, цагдаагийн албан хаагчдаа ажиллуулах гэнэ.
Мөн худалдааны төвүүдийн гаднах зогсоолд түрээслэгчдийн бус, үйлчлүүлэгчдийнхээ автомашиныг зогсоох шаардлага хүргүүлэхээр болжээ. Үүний зэрэгцээ автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан, хөдөлгөөнд оролцуулах юм байна.