
74 настай эмээг орцонд нь дээрэмдэхдээ чирч гулдарч гэмтээсэн Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт холбогдох хэргийг Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хурлаар хэлэлцлээ. Уг гурван шүүгдэгч болон тэдний өмгөөлөгч нар хууль буруу хэрэглэсэн, оноосон ял хүндэдсэн, урьдчилан үгсэн тохиролцсон нь эргэлзээтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь харгалзан үзэх ёстой гэх утгатай гомдол гаргасан юм байна.
Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар үгсэн тохиролцож, 2016 оны нэгдүгээр сарын 7-ны 22.00 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны 24 дүгээр байрны орцонд 74 настай Ц-ийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, түүний бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулаад, цүнхийг нь дээрэмдэн 300.000 төгрөгийн хохирол учруулсан нь тус байрны хяналтын камерт тод бичигдэн үлдсэнийг уншигчид санаж буй.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн наймдугаар сард энэ хэргийг хэлэлцээд бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 147.2-т заасны дагуу Л.Амаржаргалд зургаа, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт тус бүр таван жил нэг сар хорих ял оноосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.
Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн өчигдөр уг хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгов.