
Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү өнөөдөр Унгарын мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компанийн төлөөлөлтэй гадаад паспортыг цахим болгох талаар хэлэлцээр хийлээ. Тодруулбал, Олон улсын жишигт нийцүүлж, стандартын шаардлага хангасан, шинэ дэвшилтэт технологийн чиптэй цахим паспорттой болохоор өнгөрсөн Засгийн газрын үед тендер зарласан бөгөөд энэхүү тендерт Унгар улсын “Мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компани” шалгарсан байна. Үүний дараа Монгол Улсын үндэсний энгийн цахим гадаад паспорт нийлүүлэх "Хамтын ажиллагааны гэрээ", "Худалдан авах гэрээ" хийсэн байна. Тус хэлэлцээрээр гадаад паспортыг олон улсын жишигт нийцүүлж, стандартын шаардлага хангасан, шинэ дэвшилтэт технологийн чипээр цахимжуулах аж. Улсын хэмжээнд нэг сая гаруй иргэний гадаад паспортыг шинэчлэхийн тулд 9,5 еврогийн гэрээг байгуулаад байгаа бөгөөд 2018 оны нэгдүгээр улирлаас эхлээд паспортын шинэчлэлээ хийгээд эхэлнэ хэмээн албаныхан мэдээллээ.