
Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс “НӨАТ-ын шинэ хуулийн хэрэгжилт, үр дүн” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр зохион байгуулав. Уг хэлэлцүүлэгт Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг, Сангийн яамны мэргэжилтэн У.Мөнхзул, НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга, “Ган хийц” компанийн захирал М.Даваасүрэн, ХААИС-ийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Далхжав нар оролцлоо.
Р.Отгонтулга хэлэлцүүлгийн эхэнд уг системийн хүрээнд баримт хэвлэх, иргэдэд олгох, бүртгүүлэх үйл ажиллагааг хэрхэн хялбаршуулахаар төлөвлөж буй талаар илтгэл тавьсан юм. Сэтгүүлчид оролцогчдод асуулт тавьж, хариулт авлаа. Энэ үеэр өрнөсөн яриаг тоймлон хүргэж байна.
-НӨАТ-ын хууль шинэчилсэн найруулгаар 2016 оноос хэрэгжиж байна. Энэ хууль хэрэгжсэнээр эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн бэ?
Л.Зориг: -Татварын ерөнхий газар өнгөрсөн онд улсын төсөвт 1.6 их наяд төгрөг төвлөрүүлсэн. Үүний 35 хувь буюу 555 тэрбум төгрөг нь НӨАТ-аас бүрдсэн. Энэ нь өмнөх жилийнхээсээ 70 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Мөн 40 мянга орчим бизнес эрхлэгч кассын машинтай болж, 900 мянга орчим иргэнд баримт олгожээ. НӨАТ-ын босгыг өндөрсгөсөн ч гэсэн аж ахуйн нэгжийн тоо өссөн. Ингээд энэ онд 35 орчим тэрбум төгрөгийг 620 мянга орчим иргэнд буцаан олгоно.
Д.Далхжав: -НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг болгосон. Жижиг бизнес эрхлэгчид НӨАТ-ын татвар төлөх сонирхол бага байдаг. Энэ нь далд эдийн засгийг бий болгоно. Бидний судалгаагаар иргэд НӨАТ-ын татварын талаар мэдлэг, мэдээлэл тун бага байна. Уг судалгаанд хамрагдсан иргэдийн 60 гаруй хувь нь НӨАТ-ыг төлөх ёстой татварын нэг л гэж боддог гэсэн дүн гарсан. Тиймээс НӨАТ гэж юу вэ гэдгийг татвар төлөгчдөд ойлгуулах ёстой.
М.Даваасүрэн: -Манай улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит аж ахуйн нэгжүүд татвараас чөлөөлөгдсөн байдаг. Тухайлбал, Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг НӨАТ төлдөггүй. Энэ мэтчилэн татварын элдэв хөнгөлөлт эдлэхийг МҮХАҮТ-ын гишүүд хүлээн зөвшөөрдөггүй. Монгол Улсын иргэн бүр татвар төлөх ёстой. Гэтэл яагаад босгыг нь 50 сая гэж тогтоож байгаа юм бэ. Би МҮХАҮТ-ын тэргүүлэгч гишүүний хувьд НӨАТ-ыг ялгаваргүй төлдөг байя гэж хүсдэг.
-Цаашид НӨАТ-ын хуулийг чамбайруулах чиглэлээр салбарын яам ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
У.Мөнхзул: -НӨАТ-ын орлого 555 тэрбум төгрөг болсон. Гэтэл буцаан олголтын хэмжээ 35 тэрбум төгрөг байгаа. Өөрөөр хэлбэл, иргэд баримтаа бүртгүүлэхгүй байна. Хэрэв бүрэн бүртгүүлсэн бол дээрх дүнгийн 20 орчим хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг буцааж олгох байв. НӨАТ-ын мөнгийг энэ оны эхний улиралд багтаан буцаан олгох ёстой. Гэтэл www.ebarimt.mn цахим системд бүртгүүлсэн иргэдийн олонхынх нь мэдээлэл бүрэн бус. Тиймээс хүндрэл гарна. Иймд иргэд дансны дугаар болон мэдээллээ баталгаажуулах хэрэгтэй.
-Иргэд буцаан олголтын мөнгөө хэзээнээс авах вэ?
Л.Зориг: -Хуулийн дагуу бол гуравдугаар сарын 31-ний дотор мөнгийг нь олгох ёстой. 620 мянган иргэний 140 мянгынх нь мэдээлэл бүрэн баталгаажаагүй. Өөрөөр хэлбэл, овог нэр, регистр, дансны дугаар зөрсөн. Тиймээс арилжааны банк харилцагчдынхаа мэдээллийг манай байгууллагад өгөх ёстой. Одоогоор зарим банк мэдээллээ өгөөгүй. Иймд бид эхний ээлжинд мэдээлэл нь баталгаажсан иргэдийн мөнгийг хоёрдугаар сараас олгоно. Цаашид эхний улиралд багтаан бүх иргэнд мөнгийг нь олгож байх юм.
-Нийт өрхийн хэд орчим хувь нь баримтаа бүртгүүлдэг вэ. Өрх бүр бүртгүүлж заншихад ямар хугацаа орох бол?
Р.Отгонтулга: -www.ebarimt.mn цахим системд 648 мянган хэрэглэгч бүртгэлтэй. Нэг хэрэглэгчийн цаана гурван хүн байна гэж үзвэл 1.8 сая иргэн, 500 орчим мянган өрх хамрагддаг гэсэн судалгаа бий. Тиймээс иргэд бараа, бүтээгдэхүүн худалдан авахдаа баримтаа давхар бүртгүүлж болох хялбар технологи нэвтрүүлэхээр зорьж байна. Ингэснээр илүү олон иргэн хамрагдах боломжтой. Манай энэ төслийг гадаадын зарим орон сонирхож байгаа.