
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд шүүгдэгч И.Бархас уржигдар амиа хорлохыг завджээ. Энэ талаар тус шүүхийн Тамгын газраас хэвлэлийн бага хурал хийлээ. ШЕЗ-өөс өгсөн үүрэг чиглэлийн дагуу тэд мэдээлэл хийхийн зэрэгцээ Тахрын албыг татан буулгасан нь буруу байсан гэдгийг илэрхийлэхийг зорьсон нь харагдаж байв.
Бидний авсан мэдээллээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, С.Оюунчимэг, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр Эрүүгийн хуулийн 145.2, 147.2-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлж, дээрэмдсэн хэрэгт холбогдсон И.Бархасын хэргийг 13.30 цаг өнгөрөөгөөд хэлэлцэж эхэлж. Энэ үед тэрбээр “Надад амьд явах сонирхол алга. Би диваажинд очиж ээжтэйгээ уулзмаар байна” гээд хоолойгоо хэрчсэн гэнэ.
Шүүх хурлын танхимын аюулгүй байдлыг хангадаг цагдаагийн албан хаагч энэ үед зохих арга хэмжээг авч, шүүгдэгчийг гавлан, үйлдлийг нь таслан зогсоосон аж. Уг нь дүрэм журмаараа шүүгдэгчийг хурлын танхимд оруулахаасаа өмнө нэгжиж шалгах ёстой. Тухайн өдөр цагдаагийн ажилтан шалтгалт хийсэн эсэх талаар хэвлэлийн хурлын үеэр хэн ч, юу ч яриагүй.
Тэр эрд эмч нар 5-6 оёдол тавьжээ. Энэ үйл явдал болсны дараа И.Бархасыг нэгжихэд биеэс нь өөрийгөө гэмтээх ямар нэг иртэй зүйл олдоогүй, гараас нь авсан дээжнээс хумсаараа гэмтээсэн байх магадлалтай болсон гэнэ. Өдгөө Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн танхайрсан гэсэн үндэслэлээр түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын долоон танхимтай бөгөөд хүн хүчний дутагдалтайгаас дөрвөн цагдаа хамгаалалтад ажилладаг гэнэ.