
Гадаад паспортыг чиптэй болгож, олон улсын шаардлагад нийцүүлэх тухай өнгөрсөн оноос ярьж эхэлсэн. Тэгвэл 2019 оноос өмнө бүх иргэний гадаад паспортыг шинэчилж, цахим болгох талаар өчигдөр хэлэлцүүлэг зохион байгуулав. Энэ талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүгээс тодрууллаа.
-Гадаад паспортыг шинэчилж, чиптэй болгох болжээ. Хэрхэн хийх вэ?
-Өмнөх Засгийн газрынхан одоогийн хэрэглэж буй гадаад паспортыг олон улсын жишигт нийцүүлж, стандартад нийцсэн чиптэй, цахим болгох тендер зарласан юм. Уг тендерт Унгар улсын Төв банкны харьяа “Мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компани” шалгарч, гэрээ байгуулсан. Ингээд бид гадаад паспортыг шинэчлэхийн тулд тус компанитай байгуулах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон үнийн талаар хэлэлцэж байна.
-Гадаад паспортыг шинэчлэх шаардлага байгаа юм уу?
-Гадаад улсын хилээр иргэд маань түргэн шуурхай нэвтэрдэг болоход паспортыг нь олон улсын шаардлагад нийцүүлэх зайлшгүй шаардлага бий. Бусад орнууд ч үүнийг шаардаж байна. Чиптэй, цахим паспорттой болгосноор аль ч улс тухайн иргэнээс нэмэлт мэдээлэл шаардахгүй. Тус компани өндөр нууцлалтай паспорт хийж байсан туршлага арвинтай учир дэлхийн жишиг, стандартад нийцүүлж чадна гэж итгэж байна.
-Нэг паспортны бэлдэцийн үнэ 9.5 евро байна гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?
-Одоогоор яг төд гэж тохиролцоогүй. Иргэддээ хүндрэл учруулахгүйн тулд бид мэдээж аль болох хямд үнээр хийлгэхийг зорино. Гэхдээ мэдээллийн өндөр нууцлалтай, цахим болгоход одоогийнхоос үнэ нь бага зэрэг нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Ямартай ч өнөөдөр (өчигдөр) эхний хэлэлцүүлгээ хийлээ. Цаашид дахин ярилцаж, мэдээллийн нууцлал, үнийн дүнг нь бууруулах талаар тохиролцоно.
-Хэзээнээс сольж эхлэх вэ?
-Өнөө жил хэлэлцээр хийгээд ирэх оноос хэвлэж эхлэх болов уу гэж тооцож байна. Ер нь бол 2019 онд гадаад паспортыг цахим болгож дуусгана.