
Булган аймгийн Рашаант сумын нутаг, Тээг толгой гэх газарт зам тээврийн ноцтой осол гарч, орон нутагт тоглолтоор явж байсан циркийн гурван жүжигчин амиа алдсан нь өнгөрсөн амралтын өдрүүдийн харамсалтай үйл явдал байлаа. “Тоёота Эстима” маркийн автомашинд циркийн жүжигчид зорчиж явсан бөгөөд харуй бүрий болж байхад хурдаа тохируулаагүй, мөн гэрлийн гялбаанд орсноос зам дээр зогсож байсан хүнд даацын ачааны машины араас мөргөсөн байна.
Улмаар эсрэг урсгал руу шидэгдэн “Лексус-570” маркийн автомашиныг мөргөсөн аж. Орон нутгийн Замын цагдаагийн хэлтсийнхнээс авсан мэдээллээр Баянхонгор аймагт тоглохоор уригдсан циркийн зургаан жүжигчнээс алиалагч Н.Баасанжаргал, илбэчин М.Гантулга, жонглёрчин Б.Идэр нар газар дээрээ нас барсан байна. Харин гэмтэж, бэртсэн гурав нь Булган аймгийн Рашаант сумын эмнэлэгт байгаа гэнэ. “Эстима” машиныг талийгаач Н.Баасанжаргал жолоодож явсан гэх мэдээлэл байна. Тэрбээр Өмнөд Африкт уран бүтээлээ хийж байгаад эх орондоо ирээд удаагүй байсан билээ.
Илбэчин М.Гантулгын хувьд “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож, тайзан дээр тагтаа нисгэж байсан, айлын ганц хүү. Б.Идэр агсны хувьд жонглёр төрөлдөө бас л шилдэг уран бүтээлч байсан гэдгийг хамт ажиллаж байсан нөхөд нь дурслаа. Тэрбээр ой хүрээгүй хүүхэдтэй гэнэ.
Эмнэлэгт хандсан хүмүүсээс уран нугараач бүсгүй ямар нэг гэмтэл бэртэлгүй ч сэтгэл санааны хувьд маш хүнд байгаа бол жүжигчин Сүхээ нэлээд өндөр үнэтэй мэс засалд лхагва гаригт орохоор болоод буй гэнэ. Тиймээс циркийнхэн хандив цуглуулж байгаа аж.
Олон нийтийн цахим сүлжээгээр энэ осолд “Лексус-570”-ын жолоочийг буруутгасан мэдээлэл түгж байсан. Хэргийн газрын үзлэгийн явцад “Дэйвү” маркийн хүнд даацын ачааны машины жолооч тээврийн хэрэгсэл нь эвдэрсэн үед замаа гүйцэд чөлөөлөөгүй, ослын зогсолтын тэмдгээ байрлуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй нь тогтоогдсон байна. Мөн талийгаач нар хурд хэтрүүлсэн нь дугуйн мөрөөр тодорхой болсон бол жийпний жолооч гэрлээ шилжүүлсэн, эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ. Осол гарсан Тээг толгой гэх газар нь Рашаантын постоос 10 хүрэхгүй км-ын зайтай, замын нөхцөл гайгүй, халтиргаа, гулгаагүй байсан гэдгийг орон нутгийн эх сурвалжууд хэлж байна.