
Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аян улсын хэмжээнд эхэлж байгаа талаар бид мэдээлсэн. Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын дарга Г.Болорсүхээс энэ аяны талаар тодрууллаа.
-Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аяны зорилго юу вэ?
-Тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах, одоо авч байгаа тэтгэврийн хэмжээг баталгаажуулах, тэтгэвэр авагчдаас гаргасан өргөдөл, хүсэлтийг хүлээн авч шуурхай шийдвэрлэх зорилгоор энэ аяныг улсын хэмжээнд зохион байгуулах шийдвэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан. Үүний дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга тушаал гаргаад байна.
Энэ тушаалын хүрээнд нийслэлийн есөн дүүрэгт аяныг хэрэгжүүлэх ажилдаа өчигдрөөс ороод байна. Нийслэлийн хэмжээнд 153 мянга гаруй тэтгэвэр авагч бий. Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авч байгаа эдгээр иргэний өргөдөл, хүсэлтийг энэ сарын 16-наас эхлэн хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.
Энэ аяны хүрээнд дүүргүүдийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд нэлээд ачаалалтай ажиллахаар байгаа ч бид хэлтсийн байцаагч, ажилтнуудыг бүрэн оролцуулахаар төлөвлөсөн.
-Зөвхөн тэтгэвэр тогтоосон байдал, олгож буйг нь шалгуулах өргөдөл гаргасан иргэдийн хүсэлтийг шийдвэрлэнэ гэж ойлгож болох уу.
-Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн, мөн тус сангаас олгох үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр авах эрх зүйн харилцаа үүссэн, тэтгэвэр нь үнэн, зөв тогтоогдсон эсэхийг шалгах юм.
Дээр хэлсэнчлэн нийслэлийн хэмжээнд тэтгэвэр авч байгаа 153 мянга гаруй иргэний материалыг шалгах том ажил хийнэ гэж ойлгож болно. Шалгалтын явцад хуучирч муудсан хавтастай хувийн хэргийг цэгцлэх ажил мөн хийх юм. Харин өргөдөл гаргасан иргэдийн хувьд ажлын тав хоногт багтаан шийдвэрлэнэ.
-Баталгаажуулах талаар ярьж байсан. Энэ нь ямар учиртай вэ?
-Шалгалтад хамрагдсан тэтгэвэр авагчийн хувийн хэргийн тогтоолтын хуудас болон тэтгэврийн дэвтрийн арын хуудасны тусгай тэмдэглэл хэсэгт “Батламж” гэсэн дардас дарж баталгаажуулна. Дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүдэд тэтгэвэр тогтоолтыг шалгах чиглэл өгсөн.
Мөн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болон манай байцаагч нар ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Энэ аян гуравдугаар сарын 15-ныг дуустал үргэлжилнэ.