
-Мөрийтэй тоглоомын газар ажиллуулсан 19 хүнийг шалгаж байна-
Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дахь “Элит” хотхоны 12 дугаар байрны нэгэн орон сууцыг түрээслэн мөрийтэй тоглож байсан хүмүүсийг өнгөрсөн оны аравдугаар сарын 9-10-нд шилжих шөнө зэвсэглэсэн этгээдүүд дээрэмдсэн билээ. Энэ хэргийг “Ландага” хэмээх Ё.Батцэнгэл, “шош” гэх Н.Ариунгэрэл нар зохион байгуулж, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан “Ука” хэмээх Алтанхуяг, М.Амартүвшин, Б.Насандэлгэр, Н.Билэгбаатар, С.Галбадрах зэрэг хүмүүс гардан гүйцэтгэсэн байдаг.
Тэд мөрийтэй тоглоомчдоос 1.2 кг алт, 45 сая төгрөг, 2000 ам.долларыг авч зугтсан юм. Бидний авсан мэдээллээр уг хэргийн мөрдөн байцаалт удахгүй дуусаж, прокурор шүүхэд шилжүүлэхээр болж байгаа гэнэ. Уг хэрэгт дээрэмчид ч, мөрийтэй тоглогчид ч ялгаагүй сэжигтэн, яллагдагчаар татагдаад байгаа юм байна. Тухайлбал, хууль бусаар мөрийтэй тоглосон гэх үндэслэлээр Б.Гантулга, “Паркийн” Баяраа, Мөнхбаатар, Пүрэвжав, Нямгэрэл гэх залуус шалгуулж буй аж.
Энэ хэргийн дуулиантай холбоотойгоор ч тэр үү, ер нь цаашид хууль бус мөрийтэй тоглоомтой хатуу тэмцэх бодлого барих болсных уу нийслэл болон орон нутгийн хэмжээнд мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсан залуусыг цагдаагийнхан илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, өдгөө энэ төрлийн хэрэг сүүлийн үед гарахгүй байгааг хууль сахиулагчид хэлж байна.
Хамгийн сүүлд гэхэд ЭЦГ-ынхан ямар ч зөвшөөрөлгүйгээр нууц далд газарт мөрийтэй тоглуулж байсан 25 газрыг илрүүлж, автомат тоглоомын 211 төхөөрөмжийг нь хураан авсан гэнэ. Улмаар 19 хүнд Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлд заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулсан” үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Мөн нэлээд олон хүнийг мөрийтэй тоглосон гэсэн үндэслэлээр шалгаж байгаа гэнэ.
Дээрх 19 сэжигтний ажиллуулж байсан газар нь олон улсад казинод ашигладаг мөрийтэй тоглоомын төрөл болох рулетийн загварыг өөрчлөн оруулж ирсэн байжээ. Уг нь БНХАУ-д энэ төхөөрөмжийг нь 2014 онд хориглосон бөгөөд өмнөд хөршийнхөн манайхыг хууль үйлчилдэггүй орон гэж бодсон уу, 2015 оноос Монгол руу “шахах” болсон аж. Түүнээс хойш манай 30 иргэн мөрийтэй тоглоомын 204 ширхэг төхөөрөмж худалдан авсан гэх мэдээлэл бидэнд олдлоо. Монгол руу хилээр нэвтрүүлэхдээ гаалийн татварт долоон сая гаруй, НӨАТ-т 14.8 сая төгрөг төлсөн гэнэ.
Тэдэнд тухайн үеийн нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл зөвшөөрөл олгохдоо хууль журмын хийдэл гарган, 21 байгууллагад олгосон байдаг. Цэнгээнт үйл ажиллагааны журмын 2.1.3-т “Цэнгээнт үйлчилгээний газар гэж ашгийн төлөө зорилготой, нийтэд үйлчлэх автомат тоглоомын машин, бильярдын өрөө, боулингийн төв, гулгах талбай, дэлгэцийн болон мини гольфын талбай зэрэг үйлчилгээний байгууламжийг хэлнэ” гэж тусгасан.
Өөрөөр хэлбэл, нийтэд үйлчилдэг, кино театруудын доор байдаг буудлагын, машин жолооддог гэх мэт газрыг нийтэд үйлчлэх автомат тоглоомын газар гэж журамласан гэсэн үг. Тийм атал мөрийтэй тоглоомын газруудад энэ журмынхаа дагуу зөвшөөрөл олгосон байв.