
Монголын таван дугуйчин тэртээ 1992 онд ОХУ, Их Британи, АНУ-ыг хөндлөн гулд туулан, Өмнөд Солонгос, Тайваниар дайрч, нийт 23.000 км аялсан билээ. Тэд жил гаруйн хугацаанд аялан, дараа жилийнх нь нэгдүгээр сарын 31-нд эх орондоо ирсэн юм. Энэ үйл явдал болсноос хойш он цаг улирсаар 25 жилийг ардаа үджээ. Энэ ойн хүрээнд ахмад дугуйчин Ш.Ёндондаш Хөвсгөл далай руу дугуйгаар аялахаар төлөвлөж байна.
Энэ талаар түүнээс тодруулахад “Г.Жаргалсайхан ахлагчтай, Б.Лхагвасүрэн, А.Ганболд, Г.Дэлгэрсайхан нарын бүрэлдэхүүнтэй бидний таван нөхөр одоогоос 25 жилийн өмнө дугуйгаар дэлхийг тойрон аялж байлаа. Цаг хугацаа их хурдан өнгөрөх юм аа. Энэ жил 25 жилийнх нь ой тохиож байна. Ойгоо тэмдэглэх зорилгоор Хөвсгөл далай руу ирэх сарын 24-нөөс гуравдугаар сарын 3-ны хооронд дугуйгаар аялна.
Өдөрт хамгийн багадаа 100 км туулах шаардлагатай, ганцаараа аялах тул бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй” хэмээлээ. 1974 онд дугуйн олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэн, түүхэн амжилт үзүүлсэн, өдгөө 68 настай тэрбээр олон улсын хэмжээний мастер цолтой.