
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан 2012-2016 онд хамтран манай Улсад хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүн болон ирэх таван жилд хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг өнөөдөр танилцууллаа.
2014 оноос хойш НҮБ-ын Хүүхдийн сан, МУ-ын Засгийн газар, бусад түнш байгууллагуудтай хамтран олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн төдийгүй үйлчилгээний загваруудыг дэлгэрүүлэн тэдгээрийг үндэсний бодлого, төсөвт амжилттай тусгажээ. Мөн түүнчлэн хүүхэд, багачууд руу чиглэсэн аливаа бодлого, хууль эрх зүйн шинэчлэлийг дэмжин ажилласнаараа онцлог юм.
Тус тайлангийн хурлыг нээж НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Роберто Бенес үг хэлсэн бөгөөд тэрбээр ”2012-2016 онд НҮБ-ын Хүүхдийн сан, МУ-ын Засгийн газар хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд багагүй үр дүн гарлаа. Ялангуяа, Хөвсгөл аймаг, Налайх дүүрэгт хүүхдэд зориулагдсан нийгмийн бүх л үйлчилгээг үзүүлж чадсан. Тодруулбал, ус, ариун цэврийн байгууламж, хоол тэжээлийн үйлчилгээг ойртуулснаараа онцлог. Мэдээж Үндэсний хэмжээнд ахиц дэвшил гарсанд МУ-ын Засгийн газарт талархалж байна. Бид Хүүхдийн эрх, Хүүхэд хамгааллын тухай хуулийг батлах явц болон хүүхэдтэй холбоотой Үндэсний хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллалаа. Ирэх таван жилд бид хүүхдэд тулгарч буй тэгш бус байдлыг буруулахад анхаарлаа хандуулна. Тодруулбал, Улаанбаатар хотын хүүхдүүд нийгмийн суурь буюу эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд хамрагдаж байхад алслагдсан аймгийн хүүхдүүд тэр бллгон хамрагдаж чаддаггүй. Иймд хүүхдийн тэгш бус байдлыг хангах үүднээс МУ-ын Засгийн газартай ажиллана. Хүүхдэд хөрөнгө оруулалт хийх нь аливаа улс эх орны ирээдүүйд хөрөнгө оруулалт хийж байгаа явдал. Үүнийг ч бид сануулж, хамтарч ажиллах болно” хэмээн онцоллоо.
МУ-ын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан хооронд 2012-2016 онд хэрхэн хамтарч ажилласан талаарх тайлангийн үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх Үндэсний хэмжээний үр дүнгийн талаар танилцуулсан юм. Энэ үеэр тэрбээр ” НҮБ-ын Хүүхдийн сан, МУ-ын Засгийн газар Үндэсний хэмжээнд ямар төсөл хөтөлбөрүүд санаачлан, хэрэгжүүлсэн болон зорилтот бүлгийн хүүхдүүдэд хэрхэн хүрч үйлчилсэн, ямар үр дүнд хүрсэн талаар ярилцлаа. НҮБ-ын Хүүхдийн сангаас Нийслэлийн Налайх дүүрэг болон Хөвсгөл аймгийг сонгон авч үндсэн дөрвөн зорилтыг дэвшүүлж ажилласан. Энэхүү дөрвөн зорилтын хүрээнд бүх шатанд ахиц, дэвшил гарлаа. Гэхдээ цаашид үйл ажиллагаагаа эрчимжүүлж, тогтолцоог бэхжүүлэх талаар олон ажил хүлээгдэж байна. Үндэсний хэмжээнд үе тэнгийн сургагч багш хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд энэ нь 6000 гаруй хүүхдэд 630 орчим багш хичээл зааж байна. Жишээ нь “Миний ертөнц”, “Миний гэр бүл”, “Миний сургууль” гэсэн хөтөлбөрүүд хэрэгжсэн. Үүгээр дамжуулан хүүхдүүд гэр бүлийн талаар зөв ойлголттой болдог. Цаашид НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ирэх таван жилд хүүхдийн дунд тэгш бус байдлыг бууруулах чиглэлээр ажиллана. Учир нь хүүхдэд зориулсан үйл ажиллагааг бүс нутгийн хэмжээнд зохион байгуулж, хүн амын тоонд нь үйлчлэхэд харилцан адилгүй тоо гардаг. Тиймээс нэг хүүхдэд хүрэх санхүү болон бусад нийгмийн үйлчилгээг хэрхэн тэгш хуваарилах талаар анхаарч, ажиллана” хэмээн тодотголоо.