

Жил жилийн өдийд хүйтний эрч чангарч, утаа, ханиад томууны асуудал нийслэлчүүд бидний сэтгэлийг зовниож, аюулын харанга дэлддэг билээ. Харин энэ жил иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрахын төлөө жагсан, урлаг соёлын одод ч боломжийнхоо хэрээр дэмжиж буй.

Ховд аймгийн Буянт сумын харъяат, аймгий хурц арслан О.Хангай барилдааныхаа шагналын мөнгийг цуглуулж байгаад “Өнөр бүл” асрамжийн газрын хүүхдүүдэд агаар шүүгч бэлэглэжээ. Тэрбээр “Охиноо хорт утаагаар амьсгалуулахгүй, эрүүл байлгахын хөдөө өвөөгийнх рүү нь явуулсан. Хэдийгээр охин маань цэвэр агаараар амьсгалж байгаа ч биднийг их үгүйлж байгаа. Эхнэр, бид хоёр ч бас охиноо санаж байна. Тиймээс нэг ч болтугай хүүхдийг эрүүл агаараар амьсгалуулахын тулд энэ аянд нэгдлээ. Чин сэтгэлийн тус багаддаггүй гэдэг. Бүх аав, залуус, бөхчүүдээ утааны эсрэг аянд нэгдэж, боломжийнхоо хэрээр эрвийх дэрвийхээрээ туслахыг уриалъя” гэлээ.
