
Ойрын өдрүүдэд цаг агаарын байдал ямар байхыг Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн цаг уурч С.Батбаяраас тодруулахад:
-Хойд өргөргөөс хүйтэн агаар орж ирэх нөхцөл бүрдэж, энэ сарын 18-наас нийт нутгаар нэлээд хүйтэрлээ. Цаашид үүн шиг хүйтрэхгүй, харьцангуй тогтуун байх төлөвтэй байна. Маргааш (өнөөдөр) ихэнх нутгаар цас орохгүй, салхи шуурга багатай. Харин 27-ноос баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст цас орж, шуурна.
Энэ хугацаанд ихэнх нутгаар салхитай, хүйтний эрч чангарахыг малчид, тээвэрчид, иргэдэд анхааруулъя. Агаарын температурын хувьд энэ сарын 28-наас ихэнх нутгаар хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42, өдөртөө 25-30, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35, өдөртөө 21-26 градус хүрч хүйтэрнэ.
Бусад нутгаар шөнөдөө 21-26, өдөртөө 11-16 градус хүйтэн байх юм. Харин энэ сарын 29-нөөс нутгийн баруун хэсгээр, цаашид ихэнх нутгаар хүйтний эрч буцаад сулрах төлөвтэй.
-Нийт нутгийн хэдэн хувь нь цастай байгаа вэ?
-Цаг уурын станц, харуулуудын хэмжилтээр Увсын Түргэнд 39 см цас тогтсон нь одоогоор хамгийн өндөр үзүүлэлт юм. Мөн тус аймгийн Малчин, Хяргас суманд 35 см, Сэлэнгийн Бугант, Хүдэрт 33-34 см зузаан цастай. Говь-Алтай, Дундговийн баруун, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн нутгаар цасгүй, бусад нутгаар 0-13 см зузаан цасан бүрхүүлтэй байна.