
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэ сарын 16-17-нд БНХАУ-ын Бээжин хотод болсон “Торгоны замын ач холбогдол” нэгдсэн форумоос ганзагалж ирсэн олзоо өчигдөр хэвлэл, мэдээллийнхэнд танилцууллаа. Хятад улс “Нэг бүс, нэг зам” санаачилга дэвшүүлэн, “Торгоны зам” төсөл хэрэгжүүлэх зорилт тавиад байгаа. Энэ аварга төсөл Зүүн Азиас Баруун Европ хүртэлх эдийн засгийн коридор бий болгох юм. Урд хөршийн Засгийн газар эдийн засгийн коридорыг дагасан дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах, эрчим хүчний хөгжил, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой “Торгоны зам” сан байгуулжээ.
Одоогоор тус санг 40 тэрбум ам.доллароор “цэнэглэж”, эхний төсөл, хөтөлбөрөө санхүүжүүлж байна. Форумын үеэр “Монгол, Хятадын хөрөнгө оруулалтын уулзалт”-ыг зохион байгуулсан аж. Манайхан Хөөт-Бичигт, Тавантолгой-Гашуунсухайт, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр зам, Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замыг өргөтгөн, дөрвөн эгнээтэй, цемент бетон хучилттай болгох, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн Азийн авто замын сүлжээнд холбогдсон АН-3 чиглэлийн авто замыг барьж дуусгах төслөө танилцуулжээ.
Мөн “Торгоны зам” сангийн ерөнхий захирал Ван Яньжи, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Хөрөнгө оруулалтын газрын ерөнхий захирал И Пан нартай хоёр талын уулзалт хийсэн аж. Д.Ганбат сайд сан болон банкны төлөөлөлтэй ойрын хугацаанд уулзахаар тохиролцсон байна. Тэрбээр дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдээ бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилтээр хэрэгжүүлэх шаардлагатайг онцолж байв. Энэ жилийн тухайд Хөөт-Бичигт, Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замыг тавьж эхлэх нь тодорхой болжээ.
Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг тавьснаар Хятадын зүүн бүсийг ОХУ-тай холбосон тээврийн коридор бий болох юм. Түүнчлэн өмнөд хөршийн “Хятадын Маомин этилен үйлдвэрлэлийн групп” компани өндөр хурдны төмөр болон авто замаар ОХУ, Монгол, БНХАУ-ыг холбох “3+2 төлөвлөгөө” нэртэй төслөө манайханд санал болгожээ. Хятадууд Өвөрмонголын Бугат хотыг өндөр хурдны төмөр болон авто замаар бусад хоттойгоо холбосон байна.
Алтанбулагаас Улаанбаатар хотоор дайруулан Бугат хот хүртэл өндөр хурдны авто болон төмөр зам тавьснаар Монгол, Хятадын эдийн засаг, соёлын коридор бий болно гэж тус компанийнхан үзэж байгаа аж. “3+2 төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх эхний 5-10 жилд 200, 15-20 жилд 600 тэрбум юанийн хөрөнгө оруулна гэсэн урьдчилсан тооцоо гаргажээ. Төлөвлөгөөг хэрэгжүүлснээр үйлдвэрлэлийн гурван хот бий болно гэж тэд төсөөлж байгаа гэнэ.