
Хагас зуун жилийн настай, хэзээ мөдгүй нурах дөхөж, хөгц, мөөгөнцөрт идэгдсэн орон сууц нийслэлд олон бий. Нэн даруй буулгаж, дахин барилгажуулах шаардлагатай 100 орчим барилга байдаг талаар албаны хүмүүс хэлдэг. Тэдний дунд Хан-Уул дүүргийн нутагт байрлах “Нэхмэлийн шар”-ын байрнууд багтаж байв. Ариун цэврийн өрөө нь дундых атлаа бохироо соруулдаг шийдэлтэй, өмхий үнэртсэн орчинд иргэд амьдарч байсан.
Тиймээс хотын захиргаа хамгийн эхэнд дахин барилгажуулах байрны жагсаалтад эдгээр барилгыг оруулсан. 2014 оноос эхэлсэн хуучны шар байрыг буулгаж, суурин дээр нь шинийг барих ажил эхний үр дүнгээ өгч, өчигдөр 45 айл шинэ байрныхаа түлхүүрийг гардлаа.

Тэд Хан-Уул дүүргийн III хорооны нутаг, Нэхмэлийн 14 дүгээр байрны оршин суугч юм. Тэдний амьдарч байсан хуучин байрыг буулгаж, шинийг барих ажлыг “Нутгийн буян групп” компанийнхан хийжээ. Ингэхдээ хуучин барилгын буурин дээр 16 давхар, 167 айлын орон сууц барьсан аж. Барилгын доод давхрууд үйлчилгээний зориулалттай юм байна.
Барилгын нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга С.Батболд “Уг барилгыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 14-нд улсын комисс хүлээж авсан. Хуучин байрыг дахин барилгажуулснаар 45 айл тохилог орчинд амьдрах нөхцөл бүрдэж, 122 өрх шинэ сууцанд орох боломжтой боллоо. Тиймээс уг ажлыг цаашид эрчимжүүлнэ” гэв.