
Нийслэлийн Налайх дүүргийн V хорооны нутагт малын Цэцэг өвчин гарсантай холбогдуулан тус хороонд өчигдрөөс хөл хорьжээ. Энэ талаар Налайх дүүргийн ЗДТГ-ын олон нийттэй харилцах мэргэжилтэн Г.Одонтуяагаас тодруулахад “Өнгөрсөн даваа гаригт V хорооны нэгэн малчны хоёр хонь өвчилсөн гэх мэдээ дүүргийн Мал эмнэлэгт ирсэн. Малын эмч нар газар дээр нь очиж, тус айлын 300 хонинд үзлэг хийхэд, 51 нь малын гоц халдварт цэцэг өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон.
Тиймээс дээрх 51 хонийг тусгаарлаж, нийслэлийн Мал эмнэлгийн газар болон дүүргийн ЗДТГ-т мэдэгдэн, холбогдох байгууллагуудад шилжүүлээд цэцэг өвчин гэж баталсан. Иймд дүүргийн Онцгой комисс яаралтай хуралдаж, Засаг дарга А/26 тоот захирамж гарган, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.
Өчигдрийн (уржигдрын) байдлаар тус хорооны 2000 орчим хонинд үзлэг, тандалт хийхэд 173-т нь уг өвчний шинж тэмдэг илэрсэн. Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах тусгай ангийнхан, эмнэлэг, Цагдаагийн хэлтэс, Мал эмнэлгийнхэн болон тус хороонд байрлах цэргийн хоёр ангийн албан хаагчид ажиллаж, иргэдийг гаргахгүй байхад анхаарч байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас вакцинжуулалтын асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болсон. Одоохондоо ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Төв аймгийн иргэд тус хорооны нутаг дэвсгэрээр зорчдог учраас хөл хөдөлгөөнийг бүрмөсөн хориход хүндрэлтэй. Тиймээс дамжин өнгөрч буй хүмүүст ариутгал хийн, нэвтрүүлж байна” гэв. Мөн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд малын гоц халдварт өвчин гарснаас хөл хорио тогтоосон тухай мэдээлэл байна.