
“Бүрэн цутгамал” ХХК-ийн ерөнхий захирал Б.Батдэлгэр “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг Улсын комисс хүлээж авсан асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.
Үүнтэй холбогдуулан “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжингээс дараах зүйлсийг тодрууллаа.
-“Бүрэн цутгамал” ХХК танай сургуулийн өргөтгөлийн барилгатай холбоотой асуудлаар хэвлэлд хандлаа. Тус компани танай сургуулийг шүүхэд өгсөн байгаа юу?
-“Бүрэн цутгамал” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг шүүх дээр байхгүй. Үнэхээр хохирсон бол шүүхэд хандах ёстой. Харин манай сургууль Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, хохирлоо “Бүрэн цутгамал” ХХК-иас нэхэмжилсэн. Гэтэл тус компанийн захирал Б.Батдэлгэр хэвлэл мэдээллийг ашиглан дөрвөн жил гүтгэж, нэр төрд халдаж байна.
2013 оны аравдугаар сард өөрөө албан бичгээр гэрээгээ цуцалж байгаагаа мэдэгдээд ажлаа хаяж явсан. Ингэж явахдаа цахилгаан угсралтын ажлыг батлагдсан зургийн дагуу хийгээгүй байсан. Цахилгаан угсралтын ажлыг “Монхорус Электрик” ХХК-иар шинээр гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэж өгсөн.
-Тус компани барилгын ажлын 85 хувийг гүйцэтгэсэн байхад зарцуулсан мөнгийг танайх бүрэн өгөөгүй гэдэг үнэн үү?
-“Сант” сургуулиас 1.2 тэрбум орчим төгрөгийг “Бүрэн цутгамал” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. “Бүрэн цутгамал” ХХК дангаараа бүх ажлыг хийгээгүй. Нийт 20 гаруй аж ахуйн нэгж “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэсэн байдаг. Бүгд ажлын хөлсөө бүрэн авсан.
Харин хөлсийг нь урьдчилж авсан атлаа ажлаа огт хийгээгүй, хаяж явсан учраас “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэрийг бид 2016 оны аравдугаар сард шүүхэд өгсөн. Тэрбээр хаяг дээрээ байхгүй байсан учраас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүх тус дүүргийн Цагдаагийн I хэлтсээр эрэн сурвалжлуулах захирамж гаргасан.
-Гэхдээ шүүхийн маргаантай байхад барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн гэсэн шүү дээ. Энэ ямар учиртай юм бэ?
-Барилга хүлээлгэж өгөх үед барилгатай холбоотой “Маргаан байгаагүй” гэсэн шүүхийн албан бичиг нь бий.
“Бүрэн цутгамал” ХХК ажлаа хаяж явснаас хойш гурван жилийн дараа буюу 2016 оны наймдугаар сард “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг Улсын комисс хүлээж авсан.
-Хэвлэлийн хурлын үеэр Улсын комиссыг танай сургуулийн өргөтгөлийн барилга дээр бүтэн сайн өдөр ажилласан гэсэн. Энэ үнэн үү?
-“Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг 2016 оны наймдугаар сарын 24-ний лхагва гаригт Улсын комисс хүлээж авсан. “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр шүүх хурал болохоос өмнө үргэлж хэвлэл мэдээллээр гүтгэдэг аргатай. Өмнө нь хэвлэл мэдээллээр цахилгаан угсралтын ажилд нэг ч төгрөгийн хөлс аваагүй гэж байсан боловч шүүх хурал дээр ажлын хөлс авснаа хүлээсэн.
Нотлох баримт нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. Тиймээс бид шүүхээр эцсийн шийдвэрийг гаргуулах хүсэлтэй байгаа юм. Яагаад гэвэл шүүх хурал дээр худлаа ярих юм бол хариуцлага хүлээнэ шүү дээ.
“Сант” сургууль байгууллагдаад 20 жил болж байна. Энэ хугацаанд хууль бус нэг ч зүйл хийгээгүй гэдгийг онцолж хэлье гэв.
Энэ талаар нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрынхнаас тодруулахад “Тус сургуулийн өргөтгөлийн барилгыг Улсын комисс холбогдох хууль, журмын дагуу хүлээж авсан” гэлээ.