
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст очиж гэрчийн мэдүүлэг өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Хөгжлийн банкны хөрөнгөөс завшсан байж болзошгүй асуудлаар түүнийг гэрчийн мэдүүлэг өгсөн гэдгийг эх сурвалж батлахын зэрэгцээ өөр нэг хэрэгт ч тайлбар гаргасныг хэллээ.
“Монголын төмөр зам” компанийн хөрөнгөөс завшиж үрэгдүүлсэн, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт Зам, тээврийн сайд байсан А.Гансүх, ҮХАА-н сайд асан Х.Баттулга, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа тэргүүтэй хүмүүсийг шалгаж буй.
Уг хэргийг НПГ-ын хяналтын прокурорууд хянаад зарим хүмүүсээс тайлбар, гэрчийн мэдүүлэг авах ёстой гэж үзсэн гэнэ. Тиймээс тухайн хэрэг гарах үед Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан дээрх эрхмээс тайлбар авсан аж. Зарим мэдээллийн хэрэгслээр Ч.Сайханбилэгийг Н.Алтанхуягийн холбогдсон асуудалд тайлбар өгсөн гэж мэдээлсэн нь ташаа гэдгийг прокурорууд хэлсэн юм.