
Орхон голыг бохирдуулсан хэргийг прокурорын эрх бүхий албан тушаалтны тогтоолоор сэргээн шалгаж эхэлжээ. Энэ голын эх дээр алт олборлож байсан “Алтандорнод Монгол”, “Монгол газар” компанийнхан шимийг нь хүртчихээд нөхөн сэргээлт нэрээр өөр компаниудтай гэрээ байгуулан үлдэгдэл дээрээ ажиллуулснаар ус нь маш их бохирдсон.
Түүний дагуу 2010-2011 онд “Алтандорнод Монгол”-ыг удирдаж байсан Ч.Бямбаа, Д.Даваасамбуу, “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, У.Даш зэрэг хүмүүсийг шалгаж байсан юм.
Тэдгээр хүмүүст холбогдох хэргийг тухайн үеийн УЕПГ-ын эрх бүхий албан тушаалтнууд хэрэгсэхгүй болгосон бөгөөд саяхан үндэслэлгүйгээр хэргийг хаасан гэж үзэн сэргээж тэднийг яллагдагчаар татжээ. Уг хэрэгт татагдаад байгаа Ц.Мянганбаярын хувьд 2014 онд Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүтийн голд “Дөлгөөн цайдам”, “Өгөөж өлт”, “Шинэ Уянга” зэрэг компанийнхантай нөхөн сэргээлт хийх нэрээр гэрээ байгуулж алт олборлуулсан үндэслэлээр 19.2 сая төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн билээ.
Гэвч ял шийтгүүлсэндээ гэмшээгүй бололтой. Орхон голын эхэнд эзэмшдэг лицензтэй талбайдаа мөн л нөхөн сэргээлт хийлгэнэ хэмээн олон компанитай гэрээ байгуулсан гэнэ. Уг нь Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлд “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаандаа химийн хорт бодис, бэлдмэлийг хэрэглэхдээ хууль, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг дагаж мөрдөөгүйгээс хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд ноцтой хохирол учруулсан бол тусгай зөвшөөрлийг цуцалж, 20 жилийн хугацаанд дахин тусгай зөвшөөрөл олгохгүй” гэж заасан.
Харамсалтай нь, “Монгол газар” хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдоод байхад тусгай зөвшөөрлүүдийг нь цуцалж чадаагүй юм.