
Б.Итгэлийг хөнөөсөн байж болзошгүй залуус
Баатарсүрэнгийн Итгэл гэх 22 настай залуу өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны даваа гаригийн орой Канадын Калгари хотын Шелдон Чюмир эрүүл мэндийн төвд толгойдоо буудуулсан байдалтай хүргүүлээд шархаа даалгүй нас баржээ. Түүнийг “Pontiac G5” загварын машинтай этгээд дээрх эрүүл мэндийн төвийн өмнө орхиод зугтсан байна.
Хохирогчийг эмнэлэгт хүргэсний дараахан цагдаа нар түүнийг буулгасантай ижил загварын машинтай залууг 17 дугаар өргөн чөлөөний S.W 19 дүгээр гудамжнаас саатуулсан ч маргааш нь суллажээ.
Цагдаа нар хохирогчийг машины зогсоол дээр буудуулсан гэж таамаглаж, тус өдрийн 19.00-21.00 цагийн үед N.E 26 дугаар гудамжны 900 хороолол орчимд явж байхдаа сэжигтэй зүйл харсан хүмүүсийг холбогдохыг хүссэн аж. Үүнээс хэд хоногийн дараа гэрчүүдээс авсан мэдээллийн дагуу уг хэрэгт холбогдолтой байж болзошгүй хоёр эрийг эрэн сурвалжилж эхэлжээ.
Б.Итгэлтэй хамт “Эрнэст Мэннин” ахлах сургуульд сурч байсан найз нь “Түүний үхэл олон хүнийг цочролд орууллаа. Итгэлийг бүгд хөгжилтэй, сайн залуу гэж магтдаг байсан” гэж хэвлэлийнхэнд ярьжээ. Гадаад хэргийн яамны Консулын газраас энэ тухай тодруулахад “Ийм хэрэг гарсан нь үнэн. Гэвч талийгаачийн ар гэрийнхэн тухайн үед болсон явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэхгүй байгаа. Манай газраас гэр бүлийнхэнд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж буй” гэв.