
“Гацуурт”-ын Л.Чинбат, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай тэргүүтэй чинээлэгт тооцогдох 6-7 айлаас үнэт болон эртний эдлэл хулгайлсан БНСУ-ын иргэн Бак Чонг Юг (Bak Jong Yeoug) хэмээх 1971 онд төрсөн эрийг хил давахаас нь гурав хоногийн өмнө баривчлан шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Түүнтэй манай улсын харьяат Т.Хүрэлжанжин гэгч хамтарсан бөгөөд тэдний бусдад учруулсан хохирол 2.5 тэрбум төгрөгт хүрчээ.
Монгол, солонгос хамсаатнууд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Болд, зураач Ц.Саранцацралт, “Алтжин”-гийн Г.Алтан, УИХ-ын гишүүн асан “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ, АПУ-гийн Г.Батхүү, “Фортуна” Н.Батбаяр, MCS-ийн ерөнхийлөгч нарын гэрийн хаяг, харуул, хамгаалалтынх нь ээлж солилцох хугацаа, телекамерийн хяналтын байршил, тухайн айлаас авах зүйлсийн жагсаалт гээд маш нарийн судалсан байжээ.
Тэдний судалгааны анхан шатны хэрэглэгдэхүүн нь баячуудын амьдралыг бичдэг сэтгүүлүүд байсан бөгөөд тэдгээрээс хайчилбар хийж цуглуулсан, ухахаар төлөвлөсөн айлуудынх тухай мэдээллийг цагдаагийнхан эд мөрийн баримт болгон хураан авчээ.
БАК ЧОНГ ЮГ, Т.ХҮРЭЛЖАНЖИН НАР НЭГ ӨРӨӨНД ХОРИГДОЖ БАЙВ
Манай зарим иргэн БНСУ-д ажиллаж амьдрахаар очоод тэндээ гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн нь бий. Т.Хүрэлжанжин гэх эр тус улсад ял эдэлж байхдаа Өмнөд Солонгостоо дуулиан шуугиан тарьсан “сайн эр” Бак Чонг Юг гэгчтэй танилцсан юм байна. Т.Хүрэлжанжин БНСУ-д хараар ажиллаж байгаад тус улсын хууль хяналтын байгууллагынхнаас автомашин жолоодон зугтаж хүн мөргөсөн хэргээр зургаан жил хорих ял шийтгүүлсэн аж.
Ялаа эдэлж дуусаад Монгол руу албадан хүргүүлжээ. Шоронгийн нэг өрөөнийх нь хам Бак Чонг Юг ч суллагдаад манай улсад хоёр ч удаа иржээ.
Цагдаагийнхны авсан мэдээллээр тэрбээр 2016 оны аравдугаар сарын 27-нд “Кореан эйр” компанийн нислэгээр Буянт-Ухаагийн боомтоор орж ирсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 25-нд МИАТ-ын онгоцоор нутаг буцжээ. Түүний дараа арванхоёрдугаар сарын 02-нд ирээд нэгдүгээр сарын 10-даар буцах гэж байсан аж.
Ингэхдээ хулгайлсан барааныхаа заримыг авч явах, заримыг нь каргогоор ачуулахаар бэлтгэсэн байсан гэнэ. Эхний илгээмжээ тус улс руу явуулсан байж болзошгүй учраас Интерполын шугамаар БНСУ-ын хууль сахиулах байгууллагад мэдээлэл хүргүүлж, ачааг тосон авах өөр хэн нэг хамсаатан байх магадлалтайг мэдэгдээд хулгайн эд зүйлсийг Монголын талд буцаан өгөхийг хүссэн аж.
Тэдний хулгайлсан зарим барааг Т.Хүрэлжанжины ахын эзэмшлийн чингэлгээс хураан авсан гэнэ. Зарим мэдээллийн хэрэгсэлд бичсэн шиг хаалганы код тайлдаг төхөөрөмж, компьютер тэдэнд байгаагүй бөгөөд маш нарийн судалгааныхаа дүнд эзгүйчлэн орж, авч ашиглаж болохуйц зүйлсийг нь тоносон байж. Эд мөрийн баримтаар зарим айлын эзэгтэйн иргэний үнэмлэх, нэр дээрх банкны картуудыг хураан авсан байна.
Харин Хан-Уул дүүргийн II хорооны нутаг, Нүхт дэх хауснуудаас хулгай хийхдээ хойд солонгосчуудыг согтоон ажлаа үргэлжлүүлсэн гэнэ. Манайд гэрээгээр ажилладаг БНАСАУ-ын иргэдээс хоёр нь Нүхтэд хаусны манаачаар ажиллаж байж.
Тэдэнтэй солонгос эр Бак Чонг Юг болон Өмнөд Солонгосын шоронд зургаан жил хоригдож, солонгосоор ярьдаг болсон Т.Хүрэлжанжин нар архидаж, согтон унахаар нь монгол залуу судалсан бараагаа зөөсөн. Хойд болон Өмнөд солонгосчууд хоорондоо хэл ярианых нь аялга өөр байсан, арай гэж хэл нэвтрэлцсэн гэсэн мэдүүлэг яллагдагчаар татагдсан сайхь хоёр эр өгсөн гэнэ.