
“Нүүрс” хөтөлбөрийн гэх хэрэгт ял шийтгүүлсэн, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх хорих ял эдэлж буй ангиасаа Ерөнхийлөгчид хандан захидал бичжээ. Тэрбээр захидалдаа “Шинэчлэлийн Засгийн газрыг унагах, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахын тулд тус Засгийн газраас зохион байгуулсан гэр хорооллын иргэдийг хямд, шигшсэн нүүрсээр хангах ажлын зохицуулагчаар ажилласан надад зориудаар зохион байгуулсан хилс хэрэг үүсгэн хэлмэгдүүлснийг Монголын ард түмэн таван өдрийн турш телевизээр харсан.
Таны захиалгаар, таны томилдог АТГ, прокурор, шүүхийн тодорхой бүлэг хүний хилс хэрэг зохион, хэлмэгдүүлэн байж өгсөн ялыг чинь миний бие өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээр эдлээд дууссан. Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийг үндэслэн биеэр эдлэх ялын холбогдох хугацааг дуусгасан, өр төлбөргүй, ял эдлэх хугацаандаа хэрэг зөрчил гаргаагүй учраас хуулийн дагуу хорих ангиас Төв аймгийн прокурор руу 2016 оны арванхоёрдугаар сар, 2017 оны нэгдүгээр сард хоёр удаа материал явуулсан боловч прокурор миний материалыг шүүх рүү явуулалгүй, тухай бүр хорих анги руу буцаан намайг үндэслэлгүй хорьж байна.
Статистик дурдвал, Төв аймгийн шүүхээс 2016 онд 185 хүнийг тэр дундаа миний хоригдож буй ангиас 41 хүнийг энэ хуулиар тэнсэн харгалзаж сулласан байна. Энэ ангид хоригдож байсан УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярыг хорих ангиас хүсэлт нь очиход прокурор нэг хоногийн дотор, шүүх тав хоногийн дотор шийдэн сулласан байдаг.
Гэтэл хамгийн сүүлд 2017 оны нэгдүгээр сард энэ хорих ангиас долоон хүн прокурор руу очиход зургааг нь цааш нь шүүх рүү явуулж, ганцхан намайг буцаан Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар надад олгосон эрхийг минь эдлүүлэхгүй хоёр сар боллоо. Хэрэг хийгээгүй байж танай хуулийн мафийн өгсөн ялыг эдэлж суухдаа өөрөө эрх чөлөөтэй болохдоо яарсан биш, хорт хавдартай үлдсэн эхнэрээ хурдан гарч эмчлүүлж асарч сувилах юмсан гэж өдөр хоногийг тоолж суулаа.
Үүний тулд шүүхээс оноосон Багануурын уурхайд учруулсан “хохирол” гэгч олон зуун сая төгрөгийг байраа барьцаалан зээл авах, найз нөхдөөсөө тусламж, хандив авах замаар төлж барагдуулсан. Мөн хоригдох хугацаандаа элдэв зөрчил гаргаагүй.
Таны хугацаа дуусахад хэдэн сар дутуу боловч нэг өдрийн өмнө ч гэсэн прокурор, хууль, хүчний байгууллагаас савраа татаж, эдний нэр хүндээр шал арчиж, хуулийг гууль болгохоо зогсоож Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар олгосон миний эрхийг эдлүүлэхийг хүсье. Одоо хуулийн дагуу гурав дахь удаагаа хорих ангиас прокурорт миний тодорхойлолт очсон байгаа.
Цаашид ийм байдлаар намайг магадлангийн хуралд оруулахгүй, үндэслэлгүйгээр хориод байвал өлсгөлөн зарлаж тэмцэхээ мэдэгдэж байна. Өөрөө шоронд юу ч хийж чадахгүй байж байгаад эхнэрээ алдсанд орвол энэ шударга бус зүйлсийг чинь засахын төлөө бидний амь хэрэгтэй бол ав гэж хэлье” гэжээ.
Түүнд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гурван жил зургаан сар хорих ял шийтгэсэн билээ.