
ИНЕГ-аас олон улсын агаарын замуудад үзүүлэлтэд тулгуурласан навигаци хэрэгжүүлэх ажлын нэгдүгээр үе шат болох үзүүлэлтэд тулгуурласан навигацийн “RNAV 5” тодорхойлолт бүхий 3 агаарын замыг тогтоон 2015 оны арваннэгдүгээр сарын 12-ноос нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж эхэлсэн билээ.
Эдгээр агаарын зам нь тухайн чиглэл дэх агаарын замуудаас 0.4-1.5 км-ээр богино байгаа ба агаарын тээвэрлэгчид 2016 оны нэгдүгээр сараас наймдугаар сарын хооронд 15000 орчим нислэг гүйцэтгэснээс нийтдээ 14000 км-ийн хэмнэлт гарчээ. Мөн энэ хугацаанд дунджаар 100 тн түлш хэмнэгдсэн ба нүүрсхүчлийн хийн ялгаралт 315 тн-оор бага ялгарсан судалгаа гарчээ.
Үзүүлэлтэд тулгуурласан навигаци хэрэгжүүлэх ажлын дараагийн үе шатанд нислэгийн голлох чиглэлүүдэд дахин чиг шулуун 7 агаарын замыг тогтоосон бөгөөд ЗТХ-ийн сайд, ИНЕГ-ын даргын холбогдох тушаал шийдвэрүүд гарч, ирэх гуравдугаар сарын 30-ний өдрөөс нислэгийн үйл ажиллагаанд ашиглахаар бэлтгэж байна. Үүнийг хэрэгжүүлснээр жилд 440138 км-ээр нислэгийн зай багасан, дунджаар 2241 тн түлш хэмнэгдэж, нүүрсхүчлийн хийн ялгаралт 5220 тн-оор багасах судалгааг Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооноос гаргажээ. Энэхүү хэмнэлт нь байгаль орчин, экологийн хувьд ээлтэй төдийгүй агаарын тээвэрлэгчдэд ихээхэн хэмжээний эдийн засгийн хэмнэлтийг бий болгосноороо манай улсын агаарын замаар дамжин нисэх сонирхлыг нь төрүүлж, цаашид өнгөрөлтийн нислэгийн тоог нэмэгдэхүүлэх чухал ач холбогдолтой.
Техник технологийн хөгжил дэвшилтэй уялдан агаарын хөлгийн сансрын навигацын тоноглол сайжирч, байрлалаа өндөр нарийвчлалтайгаар тодорхойлон нисэх боломжтой болж байгаа нь үзүүлэлтэд тулгуурласан навигацийг хөгжүүлэх үндсэн шалтгаан юм.
Үзүүлэлтэд тулгуурласан навигаци нь газрын тоног төхөөрөмжийг заавал дайруулалгүйгээр агаарын замуудыг шулуутган тогтоох боломжийг олгохоос гадна аюулгүй ажиллагааг хангасан, эдийн засгийн үр ашигтай гэж үзэн 2010 онд зохион байгуулсан Иргэний нисэхийн олон улсын байгууллага/ICAO/-ын 37 дугаар чуулганаас гишүүн улс орнуудыг үзүүлэлтэд тулгуурласан навигаци бүхий агаарын замууд, нислэгийн журмуудыг боловсруулан нислэгийн үйл ажиллагаанд яаралтай хэрэгжүүлэхийг уриалсан юм.