
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Наадмын бэлтгэл ажил хэр урагшилж байгаа талаар нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяраас тодрууллаа.
-Энэ жилийн наадмын бэлтгэл ажил ямархуу байна вэ. Хаана, ямар ажлууд шинээр хийж байгаа вэ?
-Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй албаны хүмүүс өнгөрсөн баасан гаригт газар дээр нь очиж, бэлтгэл ажилтай танилцсан.
Төв цэнгэлдэх хүрээлэн болон сур, шагайн харвааны талбай, Хүй долоон худагт хийгдэж байгаа наадмын бэлтгэл ажилтай танилцаад, тулгамдсан ямар асуудал байгаа тухай салбар хорооны дарга нартай ярилцлаа.
Төв цэнгэлдэхийн гаднах авто замын асфальтыг сольж, 1500 автомашины зогсоол барьж байгаагаас гадна дотор талд гэрэлтүүлгийг нь сайжруулахаар ажиллаж байна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх гүйлтийн замыг шинэчлэн, орчин үеийн стандартад нийцсэн резинэн хучилттай болгох, үзэгчдийн суудлыг нэмэх зэрэг ажил ид хийгдэж байгаа.
Энэ жил Улсын баяр наадмыг угтан хийж байгаа нэг том ажил нь шагайн харвааны асарт засвар хийж байгаа явдал. Түүнчлэн сурын талбайг томсгож, үзэгчдийн суудлыг ч бас нэмж байгаа юм. Одоогийн байдлаар бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу буюу 60 гаруй хувьтай явж байна.
-Хүй долоон худагт гандуу байгаа тул зүлэг талбайг сайн услахгүй бол хурдан морины уралдаан үзэх наадамчдад болон унаач хүүхдүүдэд багагүй хүндрэлтэй байдаг. Энэ чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Монгол Улсын Засгийн газраас энэ жил Улсын баяр наадмыг зохион байгуулах зардалд 2.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 300 сая төгрөгөөр бага зардал хэдий ч баяр наадмаа зохион байгуулалт сайтай тэмдэглэх бүхий л боломжийг бүрдүүлэхийн төлөө Үндэсний хороо ажиллаж байгаа.
Хүй долоон худагт гантай, наадмаас өмнө усалгааг маш сайн хийх шаардлагатай байгаа нь үнэн. Тиймээс сая Шадар сайд газар дээр нь очиж танилцахдаа наадмаас өмнө тэр орчимд хоёр удаа үүл буудан, бороо оруулах талаар арга хэмжээ авна гэдгээ хэлсэн.
-Шадар сайд, хотын дарга тэргүүтэй албаны хүмүүсийг Хүй долоон худагт ажиллах үеэр хурдан морины уралдааны замыг хоёр км-ээр наашлуулж магадгүй гэсэн яриа гарсан байсан. Энэ нь эцэслэн шийдэгдсэн үү?
-Тийм ээ. Хүй долоон худагийн газрын гарц энэ хэвээрээ тааруу байх аваас хурдан морины уралдааны зайг богиносгох нь зүйтэй гэдгийг Шадар сайд хэлсэн. Гэхдээ үүнийг Хурдан морины салбар комиссынхонтой ярилцаж байж эцэслэн шийдэх учиртай. Одоогоор хараахан шийдвэр гараагүй байгаа.
Ямартай ч байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдлаас үл хамааран Улсын баяр наадмаа сайхан зохион байгуулахын тулд Үндэсний хорооныхон өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийнэ гэдгийг хэлье.
-Төв цэнгэлдэхийн автомашины зогсоолын хүрэлцээ тааруу байгаа нь жилийн жилд хэл ам дагуулдаг. Энэ жил автомашины зогсоолыг хэрхэн нэмэгдүүлж байгаа вэ?
-Дээр хэлсэнчлэн энэ жил наадамчдад зориулан 1500 автомашины зогсоол байгуулж байгаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо “Хурд” группийн барьсан 600 автомашины давхар зогсоолыг мөн үүнд ашиглах юм. Одоохондоо машины зогсоолыг үүнээс илүү нэмэх зай талбай үнэхээр хомс байгааг наадамчин олон маань ойлгох болов уу.
-Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тасалбар хэзээ худалдаанд гарах бол. Тасалбарыг онлайнаар захиалдаг болгох тухай олон үзэгч саналаа хэлдэг. Энэ жил тасалбарыг яаж борлуулах вэ?
-Наадмын нээлт, хаалтын тасалбарыг долдугаар сарын 6-8-нд өмнөхийн адилаар СТӨ-ний билетийн кассаар борлуулна. Одоохондоо наадмын тасалбарыг онлайнаар худалдах арга хэлбэр рүү шилжихэд хүндрэлтэй зүйлүүд байгаа. Үнийн хувьд өмнөх жилүүдтэй ойролцоо байна.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт нэг цаг гаруй үргэлжлэх бөгөөд наадамчдын омогшил, бахархлыг төрүүлэхүйц сонин содон олон сайхан үзүүлбэр байгаа гэсэн шүү.
-Хүй долоон худагт наадамчдад зориулсан том дэлгэц байрлуулан, Төв цэнгэлдэхэд болж буй бөхийн барилдаан, сур, шагайн харвааг үзэх боломжоор хангах гэж байгаа гэл үү?
-Тийм ээ. Хурдан морины уралдаан үзэх гэж очсон наадамчид наадмын нээлтийн тоглолт болон үндэсний бөхийн барилдаанаа үзэж чаддаггүй дутагдалтай байсан шүү дээ. Тэгвэл одоо наадамчдад зориулсан хоёр том дэлгэц тэнд байрлуулан, Төв цэнгэлдэх хүрээлэнд болж буй бүхий л үйл явдлыг шууд дамжуулан үзүүлэх юм.