
Баянгол дүүргийн III хороон дахь “Нарны хороолол” хотхоны 22 давхрын салхивчаар 22 настай эмэгтэй үсэрч, амиа алдсан хэрэг энэ сарын 5-нд гарсан. Талийгаач Ж нь “Сохо мебель” тавилгын их дэлгүүрт ажиллаж байсан бөгөөд түүний үхэлд ар гэрийнхэн нь тус дэлгүүрийн захирлыг буруутай гэж үзэж буй. Энэ мэтээр амиа хорлосон, эсвэл хэн нэгний дарамт шахалтаар ийм үйлдэл хийсэн нь тодорхойгүй хэргүүд сүүлийн үед цөөнгүй гарчээ.
Тухайлбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 12 дугаар байрны дөрвөн давхраас уржигдар 22.50 цагт хүн үсрэхийг завдсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын гурван алба хаагч дуудлагаар очиж, 24 настай Ө гэх эмэгтэйг аварсан гэнэ.
Он гарснаас хойш 16 хүн амиа хорлохыг завдсанаас гурав нь хүүхэд байжээ. Түүнчлэн бага насны дөрвөн хүүхэд цонх, тагтнаас унах гэж байсныг онцгойгийнхон аварсан байна. “Энэ сарын 2-нд Хан-Уул дүүрэгт нэг болон дөрвөн настай хоёр хүүхэд тагтнаас унах гэж байсныг аварсан. Урин дулааны улиралд эцэг, эхчүүд хүүхдэдээ илүү анхаарах хэрэгтэй” гэж НОБГ-ын Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Б.Чинбат хэлэв.