
Монгол дархчууд гоёл чимэглэлийн зүйл урлаж ирсэн өнө удаан жилийн түүх, уламжлалтай. Тэдгээр бүтээл нь урлах арга барил болон бүс нутгаасаа шалтгаалан хэв маяг, хийц загвараараа ялгардаг билээ.
Уран дархчууд үндэсний өв соёлоо өвлөн авч, хадгалан хамгаалж, хөгжүүлсээр ирсэн юм. Үүний ачаар уламжлалт гоёл, эдлэл хэрэгслээ орчин цагийн хэв маягтай уялдуулан хэрэглэх хандлага түгээмэл болж буй. Тэгвэл уг үйлсэд дэмжлэг, хувь нэмэр болохоор “Уламжлалаар ирээдүйг гоёхуй” Монголын гоёл чимэглэлийн уран дархчуудын анхдугаар уралдааныг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Швейцарийн хөгжлийн агентлаг санаачлан, зохион байгуулжээ.
Уг уралдаанаар дамжуулан монгол дархны ур ухаан, нарийн нандин хийцийг орчин үеийн хэв загварт буулгасан шинэ санаа эрэлхийлэхийг зорьсон байна. Мөн дархчуудыг дэмжин, идэвхжүүлж, урлагийн өндөр түвшинд урласан бүтээлийг таниулан, сурталчлах аж.
“Уламжлалаар ирээдүйг гоёхуй” уралдаанд ирүүлсэн бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өчигдөр 16.00 цагт “Art house center”-т болсон юм. Энэ үеэр “Түмэн эрдэнэс холбоо” ТББ-аас Монголын уламжлалт гоёл, уран дархны түүх, соёлын талаар танилцуулжээ. Тэгвэл 27 уран дархны 60 гаруй бүтээл дэлгэсэн үзэсгэлэнг олон нийт өнөөдөр 10.00-аас 18-ны 14.00 цагийн хооронд сонирхох боломжтой.
Зохион байгуулагчдын зүгээс бөгж, ээмэг, хүзүүний зүүлтний шилдэг загварыг шалгаруулсан байна. Төрөл тус бүрийн тэргүүн байранд шалгарсан дархчууд гадаадын оронд энэ чиглэлийн богино хугацааны сургалтад хамрагдах нь. Удаах байр эзэлсэн нь дотоодод сургалтад хамрагдан, уран дархны багаж хэрэгсэл авах аж. Уралдаанд оролцсон уран дархчууд залуу боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр дээрх хоёр байгууллагатай хамтран ажиллах гэнэ.