
Өнөө жилийн Улсын баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт 1000 аж ахуйн нэгж иргэдэд үйлчлэх төлөвтэй байна. Урьд жилүүдэд худалдаа, үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг дүүргүүдийн Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийнхэн өгдөг байсан бол энэ жил нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар олгох нь. Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба үйлчилгээний цэгүүдийн байршил, тоог тодорхойлж, журам гаргах аж.
Наадмын талбайд үйлчилгээ эрхлэх байгууллагуудад тавих шаардлага, журмыг тун удахгүй боловсруулж дуусна гэдгийг Захирагчийн ажлын албанаас мэдээлэв. Ажлын туршлага, эрүүл, аюулгүй орчинд хоол үйлдвэрлэж чадах, эсэхээс гадна ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байх зэргийг уг шаардлагад тусгаж буй ажээ. Үйлчилгээний зөвшөөрлийг ирэх сарын 1-нээс олгож эхлэх гэнэ.