
Орхон аймагт энэ оны эхний таван сарын байдлаар хачигт халдварын 21 тохиолдол бүртгэгджээ. Тэд 20-40 насныхан байсан бөгөөд олонх нь Булган, Сэлэнгэ аймгийн сумдад зорчих үедээ хачигт хазуулсан байна. Хачигт хазуулсны улмаас тус аймгийн БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байсан нэг иргэн өнгөрсөн долоо хоногт нас барсан бол бас нэг хүн ийм шалтгаанаар хорвоог орхижээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар, Орхон аймгийн харъяат, нас барсан Т нь хачигт халдварын голомттой газарт хэд хоноод ийм эрсдэлд оржээ. Үүнтэй холбогдуулан иргэд хачиг ихтэй газруудад зорчихгүй байх, зайлшгүй тохиолдолд тод өнгийн хувцас өмсөн, биедээ хачиг орсон, эсэхийг байнга шалгаж хэвшихийг нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс анхаарууллаа.