
Замын-Үүдээс Сайншанд чиглэлд, тодруулбал Дорноговь аймгийн Өргөн сумын I багийн “Түшлэг” зөрлөгөөс 9813 ДГО улсын дугаартай, “Соната-6” маркийн авто машин уржигдар 23.40 цагт “Нордбенз” ачааны машинтай мөргөлдсөнөөс дотор нь сууж явсан зургаан хүний дөрөв нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарлаа.
Нас барсан иргэдийн нэг нь насанд хүрэгч, гурав нь ЭЕШ өгөхөөр Дорноговийг зорьж явсан, Замын-Үүдийн ерөнхий боловсролын нэг, хоёрдугаар сургуулийн сурагч байжээ. Тэд автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг Онцгой байдлын газрын албан хаагчид гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн аж.
Ослын улмаас гэмтэж, өдгөө аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй хоёр сурагчийн биеийн байдал ямархуу байгааг тодруулахаар тус эмнэлгийн ерөнхий эмчтэй холбогдоход тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэв. Өөр нэг эх сурвалжийн хэлж буйгаар сурагчдын бие тааруу байгаа гэнэ.Ослын шалтгааныг тогтоохоор цагдаагийнхан ажиллаж байна.