
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаас бодлогын хүүг хоёр хувиар бууруулан, 12 болгох шийдвэр гаргалаа. Мөн бодлогын хүүгийн коридорыг +2, -2 хувийн өргөнтэй байхаар шинэчлэн тогтоохоор болжээ. Улсын инфляц өнгөрсөн сард 3.7, Улаанбаатар хотынх 3.8 хувьд хүрч өссөн. Үүнд эдийн засгийн сэргэлтээс гадна бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс нөлөөлж байгаа аж.
Гэвч энэ оны зорилтот түвшин буюу найман хувь орчимд тогтворжихоор байна гэж Монголбанкныхан төсөөлжээ. Иймд мөнгөний бодлогыг зөөлрүүлэн, эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжил, ажил эрхлэлт, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих шийдвэр гаргасан байна.
Монголбанкныхан “Өнгөрсөн оны сүүлчийн хагасаас эхлүүлсэн мөнгө, төсвийн бодлогын арга хэмжээ болон ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн нөлөөгөөр макро эдийн засгийн эрсдэл буурч, зах зээлд оролцогчдын итгэл сэргэж байна” гэж тодотгов.