
Зуны аагим өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэргүй удаан явах болон шингэн дутагдсаны улмаас нарших аюултай. Анагаах ухаанд биеийн ерөнхий температур 40.5С-ээс ихсэхийг нарших гэж хэлдэг. Тодруулбал, нарны хүчтэй тусгалын нөлөөгөөр хүний бие дулаанаа зохицуулах боломжгүй болж, бодисын солилцооны хямрал үүсэх, хордлогын шинж тэмдэг илрэхийг наршилт буюу нарны хордлого гэдэг.
Энэ үед мэдрэлийн тогтолцоог хамарсан хүндрэл үүсэх аюултай учраас яаралтай тусламж авахыг эмч нар зөвлөж байна. Наршсан үед муужрах, толгой өвдөх, эргэх, нүд бүрэлзэх, бие халуун боловч хөлс гарахгүй, арьс улаан, халуун бас хуурай, булчин суларч, хөндүүрлэх, дотор муухайрч бөөлжих, ходоод гэдэс хямарч, суулгах, зүрх хүчтэй цохилох, амьсгал хурдсах, гуйвах, татах, ухаан балартах зэрэг шинж илэрдэг байна.
Таны ойр дотнын хэн нэгэнд эдгээр шинж илэрч, наршсан гэж таамаглаж байвал түргэн тусламж дуудах хэрэгтэй. Эмнэлгийн тусламж авахгүй хойшлуулах нь аминд халтайг ч эмч нар хэлэв. Тиймээс тусламж ирэхээс өмнө ямар арга хэмжээ авахыг мэдэхэд илүүдэхгүй. Наршсан хүнийг хүйтэн, сэрүүн, сүүдэртэй газар аваачин, хувцсыг нь нимгэлэх хэрэгтэй.

Мөн чийгтэй, нойтон алчуур толгой, хүйтэн мөс, даавууг суга, цавь, хүзүү, нуруун дээр нь тавьж, биеийн халууныг бууруулах нь чухал. Мөн буцалсан усыг хөргөөж, задгай саванд хийж, наранд халаагаад уух, толгой, биеийг шавших нь тустай байдаг аж.
Цэцэрлэг, сургууль амарсан энэ үед эцэг, эхчүүд бид хүүхдээ хэдэн цагаар ч хамаагүй гадаа тоглуулдаг. Гэтэл бид хэдээс хэдэн цагийн хооронд хүүхдээ гадаа тоглуулах ёстойг төдийлөн мэддэггүй, мэдсэн ч хэрэгжүүлдэггүй. Хүүхдэдээ наран шарлага, иллэг хийхдээ 09.00-11.00 болон 16.00 цагийг сонгох нь хамгийн зөв. Энэ үед нарнаас хортой туяа ялгарах нь бага байдаг аж.
Мөн наршилтын нууц үе 30 минутаас 18 цаг үргэлжилдэг учраас эцэг, эхчүүд ихээхэн анхааралтай байх шаардлагатай гэнэ. Наршилтад бүх насны хүн өртөх эрсдэлтэй ч бага насны хүүхэд, өндөр настан, артерын даралт ихэсдэг, зүрх, судасны эмгэгтэй, архаг хууч өвчтэй хүмүүст илүү халгаатай.
Тиймээс наранд аль болох бага явах, нүдний шил зүүж, малгай өмсөх, нярай хүүхдийг сүүдрэвч, сэрүүн нөхцөлд салхилуулах, гадуур удаан явахаар бол аль болох битүү хувцас өмсөн, толгойгоо норгох, цэвэр ус, хярам, цай зэрэг шингэнийг ойр ойрхон хэрэглэх, наршсан үед буцалсан усыг хөргөөд задгай саванд хийж наранд халаагаад уух нь тустай гэж НЭМҮТ болон харьяа газрууд нь зөвлөв. 25 градусаас дээш халсан үед нарших аюултай байдаг аж.
Яаралтай түргэн тусламжийн төвд өнгөрсөн онд даралт ихэссэн гэсэн дуудлага 31.774 удаа иржээ. Эдгээрийн ихэнх нь зуны цагт ирсэн бөгөөд дуудлага өгсөн хүний олонх нь ахмад настан, бага насны хүүхдүүд байж. Тиймээс хүүхдээ гол ус, амралт зугаалгаар авч явахдаа наршуулахгүй байхад анхаарахыг эмч нар зөвлөв. Зун зугаатай ч нар халгаатай гэдгийг битгий мартаарай.