
Автотээврийн үндэсний төвийнхөн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн захиалгат үйлчилгээ нэвтрүүлжээ. Ингэснээр жолооч нар заавал оношилгооны төвд очиж дугаарлан зогсохгүй, автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 утсаар захиалга өгөөд сонгосон цагтаа Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвөөр үйлчлүүлэх боломж бүрдэв.
Тээврийн хэрэгслийг оношлох эдгээр төв нь арав ба түүнээс олон тээврийн хэрэгсэлтэй албан байгууллагад үзлэгийн нэг шугамаа бүрэн чөлөөлж үйлчлэх юм байна. Захиалгын утас нь үнэ төлбөргүй бөгөөд ажлын өдрүүдэд 20.00 цаг хүртэл ажиллах гэнэ.
Улаанбаатар хотын техникийн хяналтын үзлэгийн төвүүд ажлын өдөр 08.30-20.30, амралтын өдөр 09.00-19.00 цаг хүртэл ажилладаг. Дашрамд дурдахад, тус төвүүд өдөрт 1000-1500 тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх хүчин чадалтай юм.