
“Говь” компанийн үйлдвэрт энэ сарын 14-нд гал гарч, аврагчид 19 цаг ажилласны эцэст унтраасан. Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн хэргийн газарт 10 гаруй цаг үзлэг хийсэн бол Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид гал барилгын дээврийн баруун хойд талаас гарч эхэлсэн бөгөөд агааржуулалтын хоолойд хуримтлагдсан ахуйн хийнээс үүдэлтэй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргажээ.
Тус барилгын дээвэрт засвар хийж байсан ажилчид дусаал гоождог хэсгийг хар цаасаар давхарлаж, лав хайлуулахдаа ахуйн хий ашигласан байж. Агааржуулалтын хоолойд хий хуримтлагдсанаар гал гарсан бололтой. Цагдаа, прокурорын эх сурвалжийн мэдээлснээр дээвэр дээр засвар хийж байсан найман хүнийг байцааж эхэлсэн гэнэ. Тэднээс анхны мэдүүлэг авч, прокурор хэргийн материалтай танилцсаны дараа эрүүгийн хэрэг, үүсгэх эсэхээ шийдэх юм.
Дашрамд дуулгахад, тус компани галд өртсөн агуулах, үйлдвэрийн барилгаа “Тэнгэр”, “Монгол даатгал” компанид даатгуулсан байжээ. Хохирлын хэмжээг эцэслэн тогтоосны дараа дээрх даатгалын компани гэрээнд заасны дагуу үүнийг барагдуулах үүрэг хүлээх аж.