
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд уул уурхайн олборлолт явуулдаг 20-иод компани бий. Тэдгээр нь 16 мянган га талбайд олборлолт явуулах зөвшөөрөлтэйгөөс ердөө 1200 га-г нь ашиглаад буй аж. Гэвч уул уурхайн компаниудын балгаар Хүдэр сумынхан ундны усны гол эх үүсвэр болсон голоосоо “хагацахад” хүрээд байгаа.
Тиймээс нутгийн иргэд алтны компаниудын үйл ажиллагааг эсэргүүцэж, хариуцлагатай байхыг сануулан, тэмцсээр буй. Одоогоос сарын өмнө тус суманд очиход нутгийн иргэд “Алтны компаниуд бууриа сэлгэн, зуслангийн талбайд үйл ажиллагаа явуулахаар техник хэрэгслээ бэлдэж байна” гэж мэдээлсэн юм.
Тэгвэл эл газарт “Халнит”, “Сонголдо” компанийнхан хэдийнэ эзэн суужээ. Сумын төвөөс холгүй орших Жалга хэмээх нэртэй эл газарт гүзээлзгэнэ, мойл, улаалзгана, бөөрөлзгөнө, долоогоно зэрэг олон төрлийн жимс ургадаг учраас нутгийн иргэд “Жимсний талбай” гэж нэрлэдэг юм. Гэтэл энэ газарт дээрх хоёр компани олборлолт явуулаад эхэлчихэж.
Тус сумын иргэн Б “Тэнд ажиллаж байгаа хоёр компани зөвшөөрөлтэй юм билээ. Гэхдээ бид тэдний зөвшөөрлийг цуцлуулахаар шат шатны байгууллагад хандана. Тэнд олон айл зусаж, ойролцоох нутгаас хүмүүс ирж жимс түүдэг. Уул уурхайнхны хөлд сүйдээгүй цөөн газрын нэг нь энэ байсан юм” гэж ярилаа. Тус сумын өөр нэг иргэн Р “Ерөнхийлөгчийн сонгууль гээд иргэдийн анхаарал суларсан үеэр алтны компаниуд хөдөлгөөнд орж эхэллээ. Тэд Жалгыг сүйтгэж, дуусгана. Бид Ерөө, Бугант зэрэг зэргэлдээх сумынхантай хамтран үүнтэй тэмцэх төлөвлөгөөтэй байна” гэв.