
Арилжааны дөрвөн телевизээр гурван нэр дэвшигчийн цацсан ес хоногийн сурталчилгаа болон сонгогчдод тарааж буй хэвлэмэл материалын зардал тус бүр нэг тэрбум төгрөгт дөхөж очсоныг “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-нээс онцлов.
Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтэд мониторинг хийж буй тус сүлжээнийхэн өчигдөр ээлжит мэдээллээ хийсэн бөгөөд тэдний зардлыг нарийвчилсан тайлангаас харвал, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 371, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 356, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 248 сая орчим төгрөгийг телевизийн сурталчилгаанд зарцуулсан гэнэ. Энэ удаагийн сонгуулийн кампанит ажлын үеэр нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас гарган, олон нийтэд мэдээлсэн нь дэвшил болсныг тэд онцолсон юм.
Тус сүлжээний гишүүн “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын захирал Ц.Мандухайхатан “АТГ-аас хөрөнгө, орлогын мэдүүлгийн эх хувийг хүссэн. Одоогоор ирүүлээгүй байна. Тиймээс бид дүгнэлт хэлэхэд арай эртэднэ. Нэр дэвшигчийн бүрдүүлж буй санхүүжилтийн эх үүсвэрийг баримтжуулах хэмжээний тайлангийн маягт боловсруулж байна уу гэдэг талаар аудитын байгууллагынхантай маргааш (өнөөдөр) уулзаж, олон улсын жишигт нийцсэн санал, зөвлөмж хүргүүлнэ” гэв.