

Улаанбаатар хот болон 21 аймаг дахь Хөдөлмөр, нийгмийн хамгаалын яамны харьяа газрууд иргэдэд нээлттэй үйлчиллээ. Засгийн газар өнөө жил 45 мянган ажлын байр бий болгож, ажилгүй иргэдийн тоог цөөлөх зорилт тавин ажиллаж буй. Үүнд дэм болох зорилгоор ХНХЯ хоёр өдөр үргэлжлэх нээлттэй өдөрлөгийнхөө үеэр 20 мянган хүнийг ажилтай болгох зорилго тавьжээ.
Сүүлийн саруудад манай улсын эдийн засаг сэргэж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа тогтворжиж буй гэсэн таатай мэдээ бий. Үүнийг дагаад ажилгүй иргэдийн тоо цөөрч эхэлжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хөдөлмөр эрхлэлтийг дэмжих байгууллагад бүртгэлтэй байсан 40 орчим мянган хүний 5000 нь ажилтай болсон гэнэ.
Өдгөө ажил идэвхтэй хайж буй 34, хөдөлмөрийн биржид бүртгэлгүй 100 орчим мянга хүнийг ажил олгогчдод сурталчлах шаардлагатай байгааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга Ч.Саналбаяр хэллээ.

Эдгээр ажилгүй иргэний 70 гаруй хувь нь дээд боловсролтой аж. Харин ажил олгогч нар дээд бус, мэргэжлийн боловсрол эзэмшсэн хүнийг ажилд авах сонирхолтой байв. Тухайлбал, “Алтай констракшн” компани барилгын туслах, ковшийн жолооч-оператор зэрэг 17 ажлын байраа эзэнтэй болгохоор өдөрлөгт оролцжээ. Гэвч эл ажлыг сонирхох хүн цөөн байгааг тус компанийнхан ярив.
“Өндөр буянт”-аас эхлээд өдөрлөгт оролцсон барилгын компаниуд ч туслах ажилтан, өрлөгчин ажилд авахыг хүссэн ч талбайн инженер хийж, зураг төсөл гаргах сонирхолтой залуус олон хандаж байсан юм. Ийнхүү дээд боловсролтой хүмүүс олон байгаа нь ажилгүй иргэдийн тоо цөөрөхгүй байгаагийн гол шалтгаан гэдгийг Ч.Саналбаяр онцолсон юм.

Тэрбээр үүнийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн дагуу төр олон арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. Хөдөлмөр, халамжийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй, хорихоос суллагдсан хүн болон асрамжийн газарт амьдардаг хүүхдүүдийг ажилд авсан тохиолдолд олгодог мөнгөн урамшуулал зэргийг дурдаж болно. Харамсалтай нь, байгууллагуудын санал болгож буй ажлын байранд тэнцэх хүн ховор байна. Уг өдөрлөгт өнөөдөр (өчигдөр) 40 орчим байгууллага 7000-аад ажлын байраа нээлттэй зарлалаа. Маргааш (өнөөдөр) 20 гаруй байгууллага нэмэгдэнэ. Гадаадын улсууд нийт хүн амынхаа 30 хувьд дээд, 70 хувьд мэргэжлийн боловсрол эзэмшүүлдэг. Гэтэл манайд эсрэгээрээ. Залуус дээд боловсрол эзэмшихээр зүтгэж байна. Их, дээд сургуульд битгий сур гэж байгаа юм биш. Дан ганц онол бус, дадлага хуримтлуулах шаардлага байгаа юм. Бид ч эл гажиг тогтолцоог зөв хэлбэрт оруулахаар нэлээд ажил санаачилж байгаа” хэмээн тайлбарласан юм.
Ажилгүй иргэдээсээ олон ажлын байр бий ч гудамжинд лааз өшиглөж буй хүн цөөрөхгүй байгаа өөр нэг шалтгаан нь цалин хөлс аж. Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын иргэдийн авч буй дундаж цалин 800.000 төгрөг байна хэмээн мэдээлсэн. Гэтэл ажил хүсэгчид ямар ч туршлагагүй атлаа ийм хэмжээний цалинтай ажилд орохыг хүсдэг гэнэ.
Ингэхдээ АПУ, МАК, “Өгөөж”-д өндөр цалинтай ажил хийхийг хүсдэг нь эл өдөрлөгт оролцож буй хүмүүс тус компаниудын асрын дэргэд шавж байснаас анзаарагдав. Ажил горилогчдын олонх нь эдгээр байгууллагыг өргөдлөөр булж, хамгийн багадаа 700-800 мянган төгрөгийн цалин авах хүсэлтэй хэмээн бичиж байсан юм.
Гэтэл энэ компаниуд нэг дор 10-20 хүн ажилд авдаг бөгөөд эхний саруудад 500 орчим мянган төгрөгийн цалинтай ажиллаж чадах, эсэхийг лавладаг. Харин залуусын тоож ч хардаггүй жижиг аж ахуйн нэгжүүд ижил хэмжээний цалин санал болгодог юм байна. Ажлын байрны шалгуур нь ч өндөр биш ажээ. Гэтэл залуус эхний оролдлого нь бүтэлгүйвэл өөр байгууллагад хандалгүй “Монголд ажил олдохгүй” хэмээн гадаадыг зорихыг чухалчилдаг юм байна.

Өнөө жил 8000 орчим хүн БНСУ-д хөдөлмөр эрхлэхээр бүртгүүлээд байна. Гэтэл Солонгосын компаниуд тэдний 1500-г нь ажилд авахаар болжээ. ХНХЯ-ныхан “Манайхан дотооддоо ажиллах боломжийг харахгүй, харахыг ч хүсэхгүй байгаа. Өндөр цалинтай гээд гадаадыг зорьдог. Өдөрлөгийн үеэр гадаадад ажиллах боломжийг сураглах хүн олон байна.
Бид ч уг эрэлтийг хангахын тулд гадаадад хөдөлмөр эрхлэх боломж бүрдүүлэхийг зорьж байна. Тухайлбал, Японд дадлагажигч ажилтан явуулах гэрээ хийж байгаа. Хоёр тал гэрээнд гарын үсэг зурчихвал ирэх аравдугаар сараас эхний ээлжийн залуусыг явуулна. Цаашид монголчуудын очиж ажиллаж, амьдрах сонирхолтой Польш, Чех зэрэг оронтой хамтран ажиллах бодлого боловсруулж байгаа” гэсэн юм.
Япон улстай гэрээ байгуулбал эхний ээлжинд 30 мянган дадлагажигч ажилтан илгээнэ. БНСУ-ын Засгийн газар болон бусад байгууллагатай тохиролцоонд хүрвэл ажиллах хүчний тоог нэмэгдүүлэх зэргээр олон ажил хийхээр ХНХЯ-ныхан төлөвлөжээ. Энэ мэт үйл ажиллагааг хэрэгжүүлбэл ирэх хоёр жилийн хугацаанд ажилгүй иргэдийн тоо 50 хувиар буурах юм байна.
Мөн уг өдөрлөгийн үеэр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрынхан цалин, тэтгэврийн зээл болон үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгсөн юм. Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлийг нь тэглээд буй. Ингэснээр 91.373 эмч, багш, ажилчин бага хүүтэй, шимтгэлгүй зээл авах боломж бүрдсэн юм.
2016 оны эцсийн байдлаар ерөнхий боловсролын сургуульд 27.490, цэцэрлэгт 24.179, эрүүл мэндийн байгууллагад 38.704 хүн ажиллаж байсны 60 орчим хувь нь цалингийн зээлтэй, зээл авах хүсэлт гаргасан байжээ.
Өдөрлөгийн үеэр Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн асар олны хөлд дарагдсан юм. Тус байгууллага жилд 1000-1500 хүнд 30-33 нэр төрлийн хиймэл эрхтэн (протез) хийж өгдөг ажээ. Тэд өчигдөр хиймэл эрхтэн хийлгэх шаардлагатай хүмүүсээс хэмжээг нь авч, нэхэмжлэх бичиж өгч байв. Иргэд тухайн нэхэмжлэхийг харьяа дүүрэг, орон нутгийнхаа Халамж, үйлчилгээний хэлтэст аваачиж өгөөд, халамжийн сангаас мөнгийг нь шилжүүлэхээр хиймэл эрхтэн хийлгэх юм.
Ийнхүү сэргээн засах үйлчилгээг газар дээр нь шийдэж өгсөн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ихээхэн ач холбогдолтой болохыг Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн Бодлогын хэрэгжилт, нийгмийн оролцооны хэлтсийн дарга С.Баярбат хэлэв.
Мөн өдөрлөгийн үеэр тус төвийн эмч нар хүмүүст үнэ төлбөргүй үзлэг хийж, эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлэх болон тэргэнцэр үнэгүй авах эрхийн бичиг өгсөн. Тус төвийнхөн жилд хөгжлийн бэрхшээлтэй 80-120 хүнийг тогооч, оёдолчны дамжаанд сургаж, ажилд зуучилдаг юм.