
Спортын анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн, хүний их эмч, доктор Жулиан Альварез Гарсия саяхан Монголд иржээ. Тэрбээр хоёр хоног манай оронд саатахдаа эрүүл, идэвхтэй амьдралын гол “жор” болох хүнс тэжээлийн боловсрол болон спортын гэмтэл бэртэл, тамирчдын хоол сэдвээр эмч мэргэжилтнүүд, спортынхонд сургалт явуулсан юм. Доктор Альварез өөрийн эх орон Испанидаа хүндийг өргөлт, триатлон буюу гурван төрөлт, уулын дугуй, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн мэргэжлийн баг, тамирчдад 25 жилийн турш зөвлөгөө өгч ажиллаж иржээ.
Хүний биед шаардлагатай шим тэжээлийг хэрхэн авах, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх талаар өнгөрсөн бямба гаригт тэрбээр өөрийн мэдлэг туршлагаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчидтэй хуваалцсан юм. ДЭМБ-аас хүн бүр дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй хэмээн зөвлөмж гаргасан байдаг.
Нас баралтын шалтгаан, нөхцөлийг судлахад урт наслах, эсэх нь дасгал хөдөлгөөн болон идэж буй хоол хүнснээс шууд хамааралтай байсан аж. Тиймээс хүн болгон тогтмол идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, хүнс тэжээлдээ анхаарах хэрэгтэйг уулзалтын эхэнд тэрбээр онцолсон. Мацаг барьж, өлсөж жин хасах нь хамгийн буруу гэнэ. Олон цаг хоолгүй явсны дараа идсэн хүнс булчинг тэжээдэггүй, шууд өөх болж биед шингэдэг юм байна.
Байнга хоолоо сойдог загвар өмсөгчид хэдий туранхай харагддаг ч, дотор эрхтэнүүд нь өөхөлсөн байдаг нь дээрх шалтгаантай холбоотой гэдгийг тэрбээр ярьсан. Ямар бие бялдартай байх вэ гэдэг нь тухайн хүнээс шалтгаалах бөгөөд яг одооноос зорилт тавьж, өөрийн шинэ хувилбарыг бүтээх боломжтой гэнэ. Үүний тулд бүтээх “барилгын материал” нь юу байх вэ гэдгийг бодолцох ёстой. Үүнд дасгал хөдөлгөөн, хооллолт нэн чухал гэнэ. Хүн зурагтны удирдлага шиг өөрийн биеэ удирдаж, ямар нэг юм идэх болоход “pause” товчлуураа дарах хэрэгтэйг тэрбээр зөвлөсөн. Энэ хоолыг би өөртөө зориулж байна уу гэж асууж, эрүүл зөв хоол хүнс сонгон хэрэглэх учиртайг тэрбээр хэлсэн юм.
Тамирчдын хооллолтын талаар түүнээс асуухад “Мэргэжлийн спортод шим тэжээлийн үүрэг маш их болсон. Би 2000 оноос хойш Испанийн дээд лигийн сагсан бөмбөгийн мэргэжлийн багийн эмч, Триатлоны холбоонд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний асуудал эрхэлсэн тэргүүн, хөлбөмбөгийн багийн эмч, Аликанте дахь тамирчдын гүйцэтгэлийг өндөржүүлэх сургалтын төвд спортын анагаах ухааны чиглэлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний асуудал эрхэлсэн тэргүүнээр тус тус ажиллаж байна.
Тамирчид маань намайг “Доктор Шейк” гэж дууддаг. Учир нь би тэдэнд спортын ундаа, “Recovery shake”-ийг зөвлөдөг. Уураг нь булчин төлжүүлдэг, нүүрс ус нь алдагдсан энергийг нөхөхөд зориулагдсан. Мэргэжлийн тамирчдын хүрээнд “Herbalife” компанитай сүүлийн 11 жил хамтран ажиллаж байна” гэлээ. “Herbalife Nutrition” компанийн Хүнс тэжээлийн зөвлөлийн гишүүн тэрбээр өчигдөр Монголын хөлбөмбөгийн холбооныхонтой уулзаж, “Эрчим” багийн тамирчид, эмч, дасгалжуулагчдад спортын эмчилгээ, тоглолтын үеийн бэртэл гэмтэл болон шим тэжээлийн талаар сургалт зохион байгуулсан юм.