
Арав гаруй хоногийн өмнө Монгол Улс анхны хиймэл дагуул “Мазаалай”-гаа сансарт хөөргөсөн. Эл хиймэл дагуул ирэх сарын 7-нд өөрийн тойрог замд орж, үүргээ гүйцэтгэж эхлэх юм. “Мазаалай” өдөрт 5-7 удаа Монголын газар нутгийн дээгүүр өнгөрөх бөгөөд 5-6 минутын хугацаанд өөрт шаардлагатай мэдээллээ цуглуулж, өндөр нягтаршилтай камераараа газрын зургийг 100 метрийн нарийвчлалтай хэсэгчлэн авч, Төрийн дууллыг сансарт 437 мГц-ийн давтамжтай радио долгионоор цацах аж.

“Мазаалай”-гаас мэдээлэл хүлээн авах суурин станцыг МУИС-ийн шинэ номын сангийн дээвэр дээр байрлуулжээ. Суурин станцыг барихад 20 аж ахуйн нэгж, 280 гаруй иргэн 24 сая төгрөгийн хандив өгсөн байна. Тэдэнд МУИС-ийн удирдлага өчигдөр батламж гардууллаа.
Ажлын хэсгийн ахлагч Д.Улам-Оргих “Хиймэл дагуулыг хоёр жилийн хугацаанд бүтээхэд 280 орчим сая төгрөг зарцуулсан. “Мазаалай” хиймэл дагуул нь хоёр жилийн хугацаанд сансарт ажиллах боломжтой” гэв.