
Япончууд саваагүй гэмээр сонин хүмүүс. Элдэв хачин санаа чухамхүү тэднээс л гардаг гэхэд хилсдэхгүй. Тус улсад саяхан ийм нэгэн уралдаан болжээ. Түүнд нь хуучин барилга, байгууламж нураадаг ажилчид оролцож, хамгийн царайлаг, нүдэнд дулаахан, бас олны хараа булаасан цээжтэй нэгнийг нь шалгаруулсан аж.
“Crassone” хэмээх байгууллагын зохион байгуулсан уг арга хэмжээнд олон хот, тосгоноос 68 эрэгтэй оролцож, тэдний царай төрхийг шинжих шүүгчдийн багт сэтгүүлч, зураач зэрэг мэргэжилтэй хүн багтсан байна. Оролцогчдоос хамгийн царайлгаар Нагасака мужийн Юшүке хэмээх залуу шалгарчээ.
Түүний ханхар цээж, нарийхан хүзүү, монхордуу хамар, онигор нүд хүмүүст хамгийн их таалагдсан гэдгийг шүүгчид мэдээлжээ. Ялагч хүсвэл фото моделийн чиглэлээр ажиллах боломжтой бөгөөд уралдаан зохион байгуулагчид түүнийг үнэ төлбөргүйгээр сурталчлах юм байна.
Цалин хөлс багатай ч ажлыг хүнд хэцүү хэмээн голдоггүй жинхэнэ “шийртэй” эрчүүдийг дэмжих, барилга, байгууламж нураадаг хөдөлмөрийг хүмүүст ойлгуулах нь уралдааны гол зорилго байжээ.
Дашрамд сонирхуулахад, 2016 онд Кени улсад арьс цайрах өвчтэй хүмүүсийн дунд “Хамгийн сайхан альбинос” уралдаан зохион байгуулсан юм.