
БОАЖЯ, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Даян дэлхийн байгаль орчны сан хамтран “Алтны бичил уурхайгаас үүдэлтэй бохирдлыг бууруулах үндэсний төлөвлөгөө боловсруулах”, “Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцын хүрээнд Монгол Улсад хийх эхний үнэлгээ” төслийг нээж, өчигдөр анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Дээрх төслийн хүрээнд үндэсний хэмжээнд мөнгөн усыг хоёр дахь удаагаа тоолох бөгөөд гар аргаар уул уурхайн олборлолт хийж буй газруудын мөнгөн усны хэрэглээг бууруулахад зориулсан үндэсний хөтөлбөр боловсруулах юм байна. Түүнчлэн байгаль орчинд үлдэх мөнгөн усны хаягдлыг багасгах үе шаттай ажил хийж, холбогдох газруудад нь үүрэг даалгавар өгөх гэнэ.
БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган “Мөнгөн усны тухай Мөнгөн усны хор хөнөөлөөс хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн Минаматагийн конвенцод манай улс нэгдсэн. Энэ нь олон улсын томоохон баримт бичиг юм.
Бид хүлээсэн үүргийнхээ дагуу бичил уул уурхайд ашиглаж буй мөнгөн усыг багасгах үе шаттай арга хэмжээ авч, хоёр жилийн хугацаанд дээрх төслүүдийг хэрэгжүүлнэ. Мөн үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулж, холбогдох байгууллагын ажилтан, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтад хамруулна” гэж ярилаа.