
Хэнтий аймгийн Чингис хотод оршин суух 75 настай Г-ийн гэрт гэмт хэрэгтнүүд дайран орж “Дуугарах юм бол ална шүү” хэмээн сүрдүүлэн, есөн үе дамжуулан шүтэж ирсэн бурхныг нь дээрэмдсэн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Өвгөн, хөгшин хоёрын нэг нь хэвтэрт, нөгөө нь чих хатуу, биеэ хамгаалах чадваргүй гэдгийг хөршүүд нь бидэнд хэлсэн юм.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн төлөөлөгч нар мэргэжлийн өндөр ур чадвар гарган мэдээлэл олж авч, тусгай ажиллагаа зохион байгуулсан аж. Улмаар хэрэгтнүүдийг Улсын их дэлгүүр орчмоос дээрх газрын алба хаагчид, Хэнтий аймгийн Цагдаагийн газрынхан болон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ажилтнууд баривчилсан юм. Тусгай ажиллагаа явуулсны дүнд Сонгинохайрхан дүүргийн нутаг, Зүүн салаа орчмоос эд мөрийн баримтаа хураан авсан байна.
Эл хэргийг 1987-1990 онд төрсөн, Улаанбаатар хотод оршин суух хаягтай зургаан хүн үйлдсэн бөгөөд гардан гүйцэтгэсэн гурван хүний нэг нь лам байжээ. Лам байсан залуу А найз нартаа хоёр хөгшнийд үнэд хүрэх, олон үе дамжиж ирсэн алтан бурхан байдаг талаар хэлж, “Приус-20” машин хөлөглөсөн хоёр залуу Улаанбаатараас Хэнтийг зорьжээ. Лам нөгөө хоёртоо газарчлан гэрийг нь зааж, хэрэг үйлдэх үед хүн амьтнаас сэрэмжлэн зогсож байсан талаар эх сурвалжууд мэдээлэв.
Дээрэмчид тэр шөнөдөө хотод ирсэн бөгөөд “Гадаадынхан өндөр үнээр авах байх” хэмээн ярьж тохиролцон, найз нартайгаа нийлж авах хүн хайн хэд хоносон байна. Ингээд нэг хүнд худалдах гэж байгаад цагдаагийнханд үйлдэл дээрээ баригджээ. Сэжигтнүүдийг өдгөө Хэнтий аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд эд мөрийн баримт болсон бурхныг цагдаа, прокурорын байгууллагынхан хадгалж буй гэнэ.
“Ганеш” хэмээх сармагчин дүртэй уг бурхныг XV-XVI зууны үед урласан гэж шинжээчид дүгнэж буй бөгөөд ур хийц болхидуухан байгаа нь Өндөр гэгээний дэг жаягаас өмнөх үеийнх байх магадлалтай. “Тансан лам баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” зохиол бичигдэж байх үед сармагчин дүртэй бурхныг Энэтхэг, Төвд, Хятадад дээдэлж байсан гэх мэдээ баримт байдаг. Тийм л бурхны нэг бололтой” гэж судлаач, шинжээчид ярьж буй юм билээ.
Дээрэмчид бурхнаа нэлээд өндөр үнээр худалдана, монгол хүмүүст өгөхгүй, ченжүүдэд ч үзүүлэхгүй, зөвхөн гадаад иргэдэд зарна” гээд явж байсан аж.