
Улаанбаатараас Дархан-Уул аймаг хүртэлх 204.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил эхлэв. Эл зам дагуу Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон төв, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутаг, аялал жуулчлалын бааз, амралт, сувиллын газрууд бий. Үүнээс шалтгаалж хоногт 600 орчим тээврийн хэрэгсэл зорчих стандарттай уг замаар 3800 автомашин явж буй гэнэ. Гэвч өнгөрсөн хугацаанд дорвитой засвар хийгээгүй, жил бүр урсгал засварт олон сая төгрөг зарцуулдаг байна.
Энэ удаагийн шинэчлэлтээр хоёр эгнээ бүхий дөрөвдүгээр зэрэглэлийн хуучин замыг нэгдүгээр зэрэглэлийн, дөрвөн эгнээтэй болгон шинэчилж, 12 ширхэг төмөр бетон гүүр, хоёр нүхэн гарц, түр зогсоол, ус зайлуулах, урсгал залах байгууламж хийх гэнэ. Мөн осол олон гардаг хар цэг буюу Баруун туруун, 52, 60-ын даваа, Cэтэрхий хөтөл, Тахилтын даваа зэрэг арван байршлын налууг багасгаж, мал, амьтан гарах гарцтай болгох гэнэ. Уг замыг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.