
Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн замтай холбогдох 1.4 км авто зам, 57 метр урттай гүүр тавих ажил өчигдөр эхэллээ. Нийтдээ 6.3 тэрбум төгрөгөөр барих эл зам, гүүрийн ажлыг “Мотор сервис” компани гүйцэтгэнэ. Авто замын зорчих хэсэг 14 метр өргөн бөгөөд хоёр урсгал, дөрвөн эгнээтэй байх гэнэ. Мөн явган хүнд зориулан хоёр метр өргөн талбайд ногоон байгууламж байгуулж, гурван метр өргөн хатуу хучилттай зам тавих нь.
“Уг зам ашиглалтад орсноор Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос үүсэж, улмаар хотын хойд хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, жигд хуваарилах болон гэр хорооллын дахин төлөвлөлтийг хурдасгах гэх мэт олон ач холбогдолтой” гэж нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хэлэв.
Мөн нийт төсөвт өртгийн 4.5 тэрбумыг гүүрийн барилгад зарцуулах талаар онцолсон юм. Уг зам, гүүрийг барихад 40 гаруй айлын хашааны газрыг чөлөөлөх шаардлага гарч буй аж. Одоогоор арав гаруй өрх уг бүтээн байгуулалтыг дэмжиж, газраа чөлөөлөхөө мэдэгдсэн гэнэ. Ирэх арваннэгдүгээр сард зам, гүүрийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа аж.