
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Ач санах хуулийг батлуулж, ахмадуудад “Насны хишиг” олгоно гэж тусгасан. Уг зорилтыг биелүүлэх ажлын хүрээнд ахмадуудад жилд хоёр удаа “Насны хишиг” олгох шийдвэрийг УИХ гаргасан билээ. Үүнийг Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын өмнө өгөхөөр хуульчилсан.
Ингэхдээ 65-69 насны ахмадуудад 50, 70-79 насныханд 80, 80-89 насныханд 150, 90-ээс дээш настай иргэдэд 250 мянган төгрөг олгохоор болсон юм. Энэ жилийн эхний “Насны хишиг”-ийг Цагаан сарын өмнө олгож, 114.434 ахмад настан авсан. Тэгвэл хоёр дахь удаагийн “Насны хишиг”-ийг уржигдраас олгож эхэлжээ.
Энэ тухай ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр “Улсын хэмжээнд 117.034 ахмадад “Насны хишиг” олгоно. Нэрсийн жагсаалтыг гэрээт банкуудад илгээж, 10.1 тэрбум төгрөгийн санхүүжилт шилжүүлсэн. 2017 оны төсөвт 20.5 тэрбум төгрөг “Насны хишиг”-ийн зардалд төсөвлөсөн” гэж ярилаа.