
Зургадугаар сарын 24-25-нд шилжих шөнө Булган аймгийн АН-ын хорооны дарга н.Ариун-Эрдэнэ, менежер н.Амартүвшин нарыг олимпын аварга Н.Түвшинбаяр согтуугаар зодсон гэх мэдээлэл цахим сүлжээнд тархаад байна. Энэ талаар Булган аймгийн цагдаагийн хэлтэс мэдээлэл хийжээ. Тус мэдээнд дурдсанаар "Булган аймгийн цагдаагийн хэлтсийн шуурхай албанд 2017 оны зургадугаар сарын 24-25-нд шилжих шөнө 04.00 цагийн орчимд хүн зодуулж байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу яваад очиход Булган сумын долдугаар эмнэлэгт байрлах дэлгүүрийн арын хашаанд байрлах байшинд Булган аймгийн АН-ын хорооны дарга Ариун-Эрдэнэ, менежер Амартүвшин нарыг 02.00 цагийн орчимд олимпын аварга Н.Түвшинбаяр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодож, биед нь гэмтэл учруулсан гэх хэргийг Булган аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна" гэсэн байна.