
Бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд нийлүүлдэг Монголын цөөн компанийн нэг “Говь”-ийн үйлдвэрийн барилгын дээвэр шатаж, үйл ажиллагаа нь хэд хоног саатсан. Гал гарсан шалтгааныг эцэслэн тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж буй бөгөөд тэд барилгын дээврийг засаж байсан “Топ рүүф” компанийнхан хариуцлага алдсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргаад байгаа юм.
Өнгөрсөн арав хоногийн хугацаанд тус компанийнхан дээврээ засаж дуусаад, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэллээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн ням гаригт эл компанийн засварын ажлын явц болон үйл ажиллагаатай танилцсан юм.

Тус үйлдвэрийн дотор засвар бүрэн дуусчээ. Харин дээврийн засвар нь 90 гаруй хувьтай байгаа гэсэн. Галд 23 мянган ам метр талбай өртсөн бөгөөд засварын ажилд найман компани оролцож байгаа аж. Эл компанийнхан сүүлийн үеийн дэвшилт технологийн дагуу засвар хийж буй гэнэ.
Тухайлбал, гялгар цаасыг засвартаа хэрэглэжээ. Ингэхдээ Улаанбаатар дахь аж ахуйн нэгжүүдээс гялгар цаас худалдаж авч, үйл ажиллагааг нь дэмжжээ. Мөн засварын ажлын хүрээнд “Говь”-ийнхон гадна талбайн тохижилтоо сайжруулж, шинэ өнгө төрхтэйгөө үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөсөн байна. Засвар, шинэчлэлийн бүх ажлаа наадмаас өмнө дуусгахаар ажиллаж буйгаа компанийн удирдлага танилцуулав.
Урьдчилсан байдлаар тус компанид 5-8 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн тооцоо гарчээ. “Тус барилга ашиглалтад ороод удаж буй ч ус зайлуулах хоолой зэрэг инженерийн шийдэл сайтай, түүнчлэн Онцгой байдлын алба хаагчид түргэн, шуурхай ажилласны үр дүнд их хэмжээний хохирол учраагүй” гэж “Говь” компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан хэлэв.
Мөн тэрбээр “Зарим бүтээгдэхүүн, түүхий эд, тоног төхөөрөмж норсон. Онцгой байдлын алба хаагчид цаг алдалгүй ажиллаж, дээврийг нурахаас сэргийлсэн. Хэрэв тэгээгүй бол бид ямар хохирол амсах байсныг төсөөлөхөд бэрх. Хувьцааны ханш унаж байсан бол буцаж өслөө. Бид даатгалын компаниудтай хохирол, нөхөн олговрын талаар ярилцаж байгаа” гэсэн юм.
Мөн гал гарсны улмаас тус компани экспортоо хоёр долоо хоног хойшлуулжээ. Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжсэн учир тун удахгүй бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлнэ гэдгийг тус компанийнхан ярилаа.
“Говь” компанид 1700 гаруй хүн ажилладаг бөгөөд 160 мянган малчин жилд дунджаар 750 мянган тонн ноолуур нийлүүлдэг ажээ. Үйл ажиллагаа, зах зээл нь жилээс жилд тэлж, гадаадын иргэдийн сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй талаар компанийн ажилчид онцлов.
Энэ үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Гал гараад арав гаруй хонож байна. “Говь” компанийнхан маш богино хугацаанд засвараа хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Ийнхүү богино хугацаанд эрсдэлийг даван туулж чадсан нь “Монголчууд гадаад, дотоодын компаниудтай байгуулсан гэрээгээ биелүүлж, цаг хугацаанд нь бүтээгдэхүүнээ нийлүүлэх чадвартай” гэдгийг нотолсон явдал боллоо. Мөн Онцгой байдлын алба хаагчид ямар ч тохиолдолд гамшгийн үед ажиллахад бэлэн гэдгээ нотоллоо” гэв.
Тус компани хандивын дансанд иргэд, байгууллагаас 30 сая төгрөг цуглажээ. Үүнийхээ 50 хувийг Онцгой байдлын албаны техник, хэрэгслийг сайжруулахад зарцуулна гэдгээ энэ үеэр мэдэгдсэн юм.