
АНУ-ын иргэн А.Марита болон манай улсын иргэн Ц.Цэдэн, Б.Баяраа, Л.Бадарч нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Дээрх хүмүүс 2016 он хүртэлх хугацаанд АНУ-ын ЭСЯ-ны албан тушаалтнуудын нэрийг барьж гадаадаас их хэмжээний хөрөнгө оруулж ирнэ хэмээн худал хэлж, хуурамч бичиг баримт үзүүлэн, гэрээгээр халхавчлан манай улсын иргэдийн машин, байр, эд хөрөнгө, мөнгийг залилсан хэрэгт холбогдсон юм.
АНУ-ын иргэн А.Марита, Монгол Улсын иргэн Ц.Цэдэн нар залилан мэхэлж авсан мөнгөнийхөө эх үүсвэрийг нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор банк, банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан Тайвань, Испани, Нигери, Хонконг, ИБУИНВУ, АНУ, Малайз, АНЭУ, Украин, БНХАУ, Филиппин зэрэг улс руу удаа дараа шилжүүлж, мөнгө угаасан нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Марита, Цэдэн нарыг бусдын онц их хэмжээний эд хөрөнгийг залилан мэхэлж, мөнгө угаасан гэм буруутайд тооцож, хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10-15 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.