
Хар тамхитай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Жил бүрийн зургадугаар сарын 26-ныг дэлхий нийтээр хар тамхи, мансууруулах бодисын эсрэг өдөр хэмээн тэмдэглэж, цагаан тахлын эсрэг арга хэмжээ олон улсад зохион байгуулдаг. 1987 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас ийнхүү зарласан түүхтэй.
Дэлхий дахины даяарчлалын эрин үетэй хөл нийлүүлэн алхаж буй манай улсын хувьд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт олон улсын үндэстэн дамнасан шинжтэй тулгамдсан асуудал болоод буй. Сүүлийн жилүүдэд хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг цахим сүлжээгээр дамжуулан худалдах, олон улсын шуудан илгээмж ашиглаж улс, үндэстэн дамнуулан хууль бусаар тээвэрлэх нь нэмэгдэн, зарж борлуулах болсноор хэрэглэгчдийн тоо эрс өсөж буй нь олон улсын түвшний анхаарал татсан асуудал болоод байгаа.
Манай улсад 2014-2016 онд “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, улсын хил нэвтрүүлэх” гэмт хэрэг 250 бүртгэгдэж, 537 хүн холбогдсон тоо баримт үүний нэг илэрхийлэл. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 50-иас дээш хувийг 19-25 насны залуус эзэлж байгаа юм.
Илэрч, бүртгэгдсэн нэг гэмт хэргийн ард бүртгэгдээгүй, далд аргаар үйлдэж байгаа 10 тохиолдол байдаг гэх олон улсын жишгийн дагуу тооцож үзвэл манай улсад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн нөхцөл байдал хүндэрчихээд байгаа гэсэн үг.
Монгол Улсын ирээдүй хойчид заналхийлж буй уг аюулын эсрэг төр, засгаас анхаарал хандуулж, Засгийн газрын энэ оны гуравдугаар сарын 7-ны 77 дугаар тогтоолоор “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр” батлаад буй билээ.
Энэ хөтөлбөр нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих хуулийн хэрэгжилтийг хангах, энэхүү бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, дээрх бодисын хууль бус эргэлтээс олсон хөрөнгөөр санхүүжүүлж болзошгүй үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажлыг нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалтаар хангаж хэрэгжүүлэх зорилготой юм.
Хөтөлбөрийн хүрээнд хууль тогтоомж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, алба хаагчдыг сургаж, мэргэшүүлэх, хор хөнөөл, аюулыг иргэдэд тайлбарлан таниулах, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах, нэгдсэн мэдээллийн тогтолцоо, санг бий болгох, эмчилгээ, сэтгэл зүйн тусламж үзүүлэх төв байгуулах зэрэг ажлыг хийхээр болсон юм.