
Зуны зугаатай өдрүүд эхэлж, хүмүүс гадаад, дотоодын үзэсгэлэнт газруудаар аялан, амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлж буй. Үүнтэй холбогдуулан аялал, жуулчлалын компаниуд ч төрөл бүрийн хөтөлбөр санал болгодог. Тэдгээрээс “Монгол аялал” клубээс зохион байгуулдаг агаарын бөмбөлөгтэй аяллыг иргэд ихээхэн сонирхож байна.
Тодруулбал, 400-1000 метрийн өндөрт, мэргэжлийн япон нисгэгчээр удирдуулан 30 минутаас нэг цаг агаарт хөөрөх боломж олгодгоороо уг аялал онцлогтой. Нар мандах юм уу, жаргах үед энэхүү аяллыг зохион байгуулдаг бөгөөд цаг агаарын байдлаас шалтгаалж, тодорхой хугацаа товлоход хэцүү гэнэ.
Нэг удаа агаарын бөмбөлгөөр зугаалахад 350.000 төгрөгийн төлбөр төлнө. “Монгол аялал” клуб нь агаарын бөмбөлгөөр аялал зохион байгуулах олон улсын албан ёсны эрхтэй төдийгүй оролцогч бүрийг олон улсын гэнэтийн ослын даатгалд хамруулдаг юм байна.